Монгол утга соёл цувралын ерөнхий редактор, Монгол Хэл
Соёлын Хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын
редакцын эрхлэгч, Г.Сүлд-Эрдэнэтэй "Монгол утга соёл" цуврал бүтээлийн
тухай ярилцлаа.
Монсудар хэвлэлийн газраас “Монгол утга соёл” цуврал бүтээлийг эрхлэн гаргажээ. Энэхүү цувралынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
Бид урьд монгол хэл бичгийн цуврал толь болох “Монгол хэл соёл”
цуврал, үүний дараагаас монгол арга ухаан, монгол малчдын эрдмийг
тусгасан “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цувралыг эрхлэн гаргаж
байсан. Харин энэхүү шинэ цуврал маань монголчуудын ам дамжин
уламжлагдан ирсэн аман зохиолын цуврал бүтээлийг эмхэтгэн “Монгол утга
соёл” цуврал нэртэйгээр эрхлэн гаргаж байна даа. Үүнд 1. Тууль 2.
Оньсого 3. Домог 4. Домог үлгэр 5. Үлгэр 6. Ертөнцийн гурав 7.
Дайралцаа үг 8.Түргэн хэллэг 9. Бэлгэ дэмбэрлийн үг 10. Ерөөл магтаал
11. Дом шившлэг гэх мэтчилэн цувралууд багтах юм.
Эхний боть нь тууль гэсэн нэртэйгээр хэвлэгдсэн байна. Доторх агуулга бүтэц нь ямар вэ?
Энэхүү бүтээл нь монголын алдартай 17 туулийг бүрэн эхээр нь
эмхэтгэсэн төдийгүй “Тууль” гэж юу болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл
бүхий судалгааны удиртгал хэсэгтэй. Энэ нь дотроо маш нарийн
задаргаатайгаар бичигдсэн шинэ судалгаа болж чадсан. Жишээ нь дэлхийн
улс орнуудын туулийн тухай болоод, монголын алдартай туульчид, тууль
хайлах хөгжмийн зэмсгийн тухай, мөн туулийн агуулга, бүтэц, дүр, туулийн
ач холбогдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байгаа.
Тууль хайлах тухай, Тууль хайлах зан үйлийн тухай тодруулж ярихгүй юу?
Туулийг “аялах, дуулах”-аас хүчтэй, бүдүүн хоолойгоор дуулдаг.
Монголчуудтуулийг намрын сүүл сараас өвлийн сүүл сар хүртэл өөрөөр
хэлбэл өвлийн урт шөнө буюу цагаан сараас өмнө хайлдаг уламжлалтай
байжээ. Энэ нь шинэ гарах жилдээ байгалийн гамшиг, дайн дажин, өвчин
зовлон, элдэв гай зовлонгүй амар амгалан амьдарна хэмээн бэлгэшээн
үздэгтэй холбоотой. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш тууль
хайлдаггүй. Учир нь зуны шөнө богино байдаг тул том хэмжээний туулийг
хайлахад тохиромжгүйгээс гадна дулааны улиралд урт хугацаагаар тууль
хайлах юм бол туульчийн бие махбодод цус хөөрөх, алжаах зэрэг сөрөг
нөлөөтэй гэж үздэг. Туулийг айл өрх, хот айлаараа цуглан урьдчилан
бэлдэж өдөр сар тохирч хайлуулдаг заншилтай. Эхлээд туульч, тууль хоёроо
сонгоно, дараа нь билигт сайн өдөр гэрийн эзэн эсвэл ахмад настай хүн
туульчийнд зочилж тууль хайлах өдрөө хэлэлцэн тохиролцдог. Сонгож
товлосон өдөр тухайн айлаас гэрийн эзэн ирж эхлээд хөгжмийг нь
хүндэтгэлтэйгээргэртээ залан гэрийнхээ хоймор, бурхан шүтээнийхээ дэргэд
эсвэл тусгай тавцан дээр байрлуулж арц сангаар ариутгадаг. Үүний дараа
мөн билигт сайн өдөр гэрийн эзэн эсвэл хот айлын ахлагч туульчийг залж
ирнэ. Тэр орой хот айлаараа малаа хотлуулж, хамаг ажлаа цэгцэлж дуусаад
цуглацгаана. Туульч уригдсан айлын гэрийн баруун хойморт, сонсогчид нь
баруун зүүн талаар насныхаа эрэмбээр суудаг дэгтэй. Урианхайд туульчийг
ирэхэд толгой даалимба, бүтэн цай, тамхи зэргийг бэлддэг.
Тууль хайлахад эхлээд Алтайн магтаал гэж хэлдэг нь ямар учиртай юм бэ?
Тууль
хайлахын өмнө ойрад туульчид “Алтайн магтаал”, халх туульчид “Хангайн
магтаал”, “Хан Хөхийн магтаал”, буриад туульчид “Арын арван гурван
ноёдын даатгал”- ыг хэлдэг. Энэ нь онгодоо сэргээн, бие сэтгэлээ
бэлтгэж, уул усны эзэн лус савдгийг баясган хайр энэрэл, хишиг буян гуйж
оршил болгож буй хэрэг юм. Алтайн магтаалыг хэлж байхад хүмүүс орж
гарах, дуу чимээ гаргахыг цээрлэх ба сонсогчид хувцсаа зөв өмсөн,
хормойгоо хумин суудаг нарийн журамтай. Харин туульч зогсолт хийх,
биеийн байрлалаа өөрчлөх, малгайгаа авах зэргийг цээрлэдэг ба хувцасны
товч бүрэн бүтэн, товчлогдсон байх ёстой. Алтай магтсан туульч, гэрийн
эзэн аль аль нь цацал өргөх бөгөөд нар зөв эргүүлж өргөнө. Алтайн
магтаалыг хайлж дууссаны дараа туульч дээл хувцсаа хөнгөлөөд бүлээн,
давсгүй хар цайгаар хоолойгоо чийглэн туулиа хайлж эхэлнэ. Туульч тууль
хайлахдаа дунджаар нэг цаг орчим тасралтгүй хайлж утга төгссөн хэсэг
дээр түр зогсож завсарлана. Бүлээн давсгүй хар цайгаар хоолойгоо
чийглээд цааш үргэлжлүүлэн хайлна. Ийм байдлаар шөнийн 02-03 цаг хүртэл
тууль хайлаад амарч маргааш нь харуй бүрийгээр дахин туулиа үргэлжлүүлэх
зэргээр нэг туулийг долоо хоног, зарим том туулиудыг нэг бүтэн сараар
хайлж дуусгадаг байжээ. Туульчид туулийг хагас дутуу хайлах, товчлон
хайлах, дүр дүрслэлийг гээж хаях, нэмэхийг хатуу цээрлэдэг. Тууль хайлж
дууссаны дараа гэрийн эзэн туульчийн товшуур, экил, морин хуурын
толгойноос хив хадаг уяж байранд нь залаад гурваас долоо хоног гар
хүрдэггүй. Учир нь туульчийн хөгжим дээр энэ ертөнцийн гурван тивийн
эзэд ирж байрласан байх бөгөөд өөрсдийнхөө тааллаар нутаг орон, тивдээ
буцдаг хэмээн үздэг. Тэдгээр эзэн сахиусууд явсны дараа туульчийн
хөгжмийг гэрт нь хүндэтгэлтэйгээр залж туульчид бэлэг сэлт өгдөг ёс
байна.
Туулийг уншиж, тууль хайлахыг сонсох нь бидэнд болоод залуучууд хүүхдүүдэд ямар ач тустай вэ?, Туулийн ач холбогдол нь юу вэ?
Туулийг ямар зорилгоор хайлдаг, тууль хайлахын ач тус, учир холбогдлыг
танин мэдэх нь бидэнд уламжлал соёл, зан заншлаа танин мэдэх мөн
сэргээн уламжлах зэрэгт тустай, чухал асуудал юм л даа. Тухайлбал,
Хүмүүжлийн ач холбогдлоос дурдвал: хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх хэд хэдэн
хүчин зүйлсийг агуулж байдаг. Туулийг сонсож, утга агуулгыг ойлгосон
хүүхэд багаасаа тэсвэр хатуужил, эр зоригтой болох ба нөгөө талаар хэл
яриа, сэтгэхүйг хөгжүүлдэг. Туулийн баатар гол төлөв гурав, дөрвөн
настай байдаг нь хүүхэд тэрхүү баатрыг үлгэр дуурайл болгон, тийм хүч
чадалтай болохыг хүсэж багаасаа зоригтой, тэвчээртэй, ухаалаг, бусдын
төлөө гэсэн сэтгэлтэй болж төлөвших сургаалын шинжтэй. Мөн тууль нь
найраглалын том хэлбэр болохынхоо хувьд үгийн баялагтай болгож, оюун
ухааныг тэлнэ. Ингэснээр цэгцтэй зөв бодол, зөв яриа, өөрийн гэсэн
бодолтой болж аливаа юмны сайн, муу талуудыг ялган бие даан шийдвэр
гаргах, бүтээлч хандлагыг нэмэгдүүлж өгнө.Туулийг өнөө үед олон ангит
кинотой зүйрлүүлж болох юм. Учир нь нэгэн хүний хуучилснаар: “Биднийг
бага байхад манай хот айлынхан туульч хүн тусгайлан залж гэр бариад
бүтэн сараар байлгадаг байсан. Тэгээд бид өдрийн ажлаа дууссаны дараа
туулийнхаа нэг хэсгийг сонсоод маргааш орой нь хэрхэн яаж үргэлжлэхийг
нь сонсох гэж тэсэн ядан хүлээдэг байсан” гэжээ. Тэгэхээр энэ бол одоо
үеийн орой бүр дараагийн ангийг үзэхээр хүлээдэг олон ангит кино шиг
хүүхэд багачуудын сонирхлыг татдаг тийм урлаг байжээ. Энэ нь хүүхэд
багачуудын төсөөлөн бодох чадамжийг нэмэгдүүлж аливаа юманд хэд хэдэн
таамаглал дэвшүүлэх, олон талаас нь харах ач холбогдолтой юм. Учир
бэлгэдлийн ач холбогдлоос нь дурьдвал: Урианхайчууд туулийг зөвхөн уран
сайхны хэрэгцээ хангах төдий биш зан үйлийн учир холбогдолтой холбон
ойлгодог.Тууль хайлж байхад товшуурын хөг харих, чавхдасны хялгас
тасарвал тэр айлд ямар нэгэн гай барцад байна гэж үздэг.
Тууль хайлахад гай барцад арилна гэж үздэг байсан байна. Тэгэхээр ер нь тууль бүрийн утга бэлгэдэл нь өөр өөр байна уу?
Бүгд өөрийн гэсэн утга бэлгэдлийг илэрхийлдэг. Тухайлбал,“Хаан цэцэн”
туулийг хайлахад амар амгалан, эрүүл энх байх, “Талын хар бодон”, “Бужин
даваа хаан” туулийг хайлахад гай барцад арилдаг гэж үздэг бөгөөд энэ
хоёр туулийг нэг туульч гурваас дээш хайлж болдоггүй гэдэг. Сэтгэлээ
сэргээхийн тулд “Уян хиа”, “Талын хар бодон”, “Жаргал ихтэй эзэн улаан
бодон” туулийг хайлдаг. Үр хүүхэдгүй, өнөр өтгөн болохыг хүссэн айлд
“Эрх хачин харцага”, “Наран хаан хөвүүн”, буян хишиг дуудах айлд “Аргын
өнчин яргай”, “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн” гэх зөөлөн
туулийг хайлдаг.Урианхайд хараал хүрсэн, үхэл зовлонтой айлд “Долоон
догшид бүхүй туульс” буюу “Довон хар бөх”, “Талын хар бодон”, “Хүрэл
арслан магнай”, “Хүч ихт хүрэл хаан”, “Баатар бор магнай” зэрэг хатуу
тууль хайлдаг.
Сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Удахгүй дараа дараагийн цуврал худалдаанд гарч уншигчдад хүрэх болно.
Ярилцсан: Э.Мөнхзагар