Үлдэх үү, уусах уу
ӨВ СОЁЛОО ТЭЭХДЭЭ ТОРМОН ДЭЭР ТООНО АЧСАН ШИГ ХАРАГДАХААСАА ИЧИХ ХЭРЭГГҮЙ
Соёл гэдэг ойлголт бол аливаа ард түмэн, үндэстэн угсаатан оршин байгаагийн илрэл. Даяаршлын асар хүчтэй соёлын давалгаанд монгол угсаатан удам гарлаа яаж авч үлдэх вэ гэдэг чухал асуудал монголчуудын хувьд тулгараад байна. Үүний гаргалгаа нь өөрсдийн соёлоор давалгаалах, хүчтэй түрлэгийг цаг үргэлж дуудах билээ.
“Монгол Хэл Соёлын Хүрээлэн”-ийн захирал, Монсудар ХХК-ийн Монгол судлалын редакцийн эрхлэгч Монгол нүүдэлчдийн тайлбар толийн ерөнхий редактор, хэл бичгийн ухааны докторант Г.Сүлд-Эрдэнэтэй ярилцлаа
Өнөөдөр монголчуудын ихэнх нь суурин амьдарч байна. Заавал нүүдэлчин гэж цээж дэлдэхийн хэрэг юу байна. За тэр, нүүдэлчдийн тайлбар толь молийнхоо талаар та юу хэлэх вэ?
Залуучууд, хүүхдүүд юм мэддэг өвөө эмээгээсээ асууж байна гэж бодьё л доо. За би нүүдэлчин ахуйн зүйлс, энэ соёл ёс заншлаа мэдээд надад ямар ашигтай вэ гэж? Ийм асуулт асуугаад, ашигтай ашиггүйн тухай ацан шалаанд орчихсон байна аа гэдэг манайхан үр хүүхдүүддээ энэ зүйлийг ойлгуулаагүй л байгаа хэрэг юм. Босгон дээр гишгэж болохгүй, хаалга алдалж болохгүй уурган дээгүүр алхаж болохгүй гээд л баахан болохгүй болохгүй гэсэн цээрлэсэн хориглосон зүйлс. Тэгээд ямарч тайлбар үгүй, ёс заншил бол сайхан гоё зүйл гэсэн тулгалт л байдаг. Яагаад тэгэж болдоггүй юм бол гэсэн учир шалтгаан, зүйг нь хэлж өгөхгүй байсаар ийм байдалд хүрчихжээ.
Нүүдэлчин тольд энэ зүйлийг логик гаргалгаатай нь, зураг сэлтийн хамт тайлбарласан нь монгол хүн хэмээн худлаа цээжээ балбан хий хоосон омгорхох бус монгол хүн монголоороо үлдэх тэр зүйлийг гаргах гэж хичээсэн алхам юм л даа. Уг зорилго нь нүүдлийн амьдралаасаа хөндийрч суурьшмал амьдралтай болсон хэдий ч монгол ахуй соёлын зүйлээ мартаад эсвэл тэр чигээр нь хадгалах биш харин хөгжүүлэн одоогийн байгаа орчин амьдрал ахуйдаа ашиглах тийм дадлыг суулгах мэдүүлэх ач холбогдолтой юм.
Номыг залуу хүний ширээний ном гэсэн байсан? Яагаад ийм тодотгол өгсөн юм бэ?
Мал ахуй, нүүдэлчийн соёл нь зөвхөн малчин хүнд хамааралтай гэсэн төөрөгдмөл хандлагаас болж иддэг мах, уудаг сүүнийхээ талаар ч бүрэн ойлголтгүй хүүхэд, залуус өнөөдөр маш их байгаа. Монгол хүн бүр гол, булгийн усанд сүү цагаан идээ оруулж болохгүй гэж мэдэх боловч үүнд яг ямар учир шалтгаан байдгийг тэр бүр мэдэхгүй байгаа юм. Аливаа юмны ул үндэс, учир шалтгааныг мэдэхгүйгээр аливаа юм бат оршиж, хадгалагдаж чадахгүй, хурдан мартагддаг. Тиймээс тухайн зүйлийн тухай тал бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Бүрэн дүүрэн ойлголттой бай гэсэн үг л дээ. Маш олон “яагаад”-ыг мэдсэнээр тухайн зүйлийг яаж хөгжүүлэх эсвэл яаж хэрэглэхэд хялбар болох юм. Хамгийн энгийн жишээ авъя. Махыг яагаад улаан идээ гэж нэрлэдэг шалтгаан? Өдөр унасан мах авдаггүй гэсэн хэллэгийн утга? Мах сүү хоёрыг нэг дор хадгалж болдоггүй учир нь? Гэр мах, гадар мах, тураг мах, дотор мах гэж юуг нэрлэдэг тухай, махны аль хэсэг нь удаан болдог, ямар хэсэг нь биед тустай, аль хэсгийн махаар шарж хуурсан хоол хийж, ямар хэсгийг нь жигнэж идэх нь тустай байдаг, борцолсон мах, шуузалсан махны амин дэмийн агууламж, ямар төрлийн махыг удаан хадгалж хэрэглэвэл зохистой гэх мэтийн хэрэглээний болон танин мэдэхүйн зүйлүүд а Б-гүй л байж байгаа. Ёслолын арга хэмжээнд ямааны махыг яагаад хэрэглэдэггүй талаар чи мэдэх үү? Түүнчлэн махтай холбогдолтой загсаах гэх мэтийн үг хэллэгүүдийн тайлбаруудыг тус бүрт нь оруулж өгсөн байгаа. Мөн баяр наадмын үеэр, оюутнууд төгсөлтийн баяраараа л үндэсний дээл, хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг тусын талаар ч нарийн мэддэг хүн ховор болсон. Тийм учраас л энэ мэтчилэн хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, мартагдах шахсан монгол арга ухаан, монгол малчдын эрдмийг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д тусгаж өглөө. Энэ бүхнийг уншиж судалснаар монголчуудын байгальтайгаа, мал хуйтайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг уламжлал мэтээр хав дарах биш, харин хөгжлийн эхлэл юмаа гэдгийг мэдэж авах чухал ач холбогдолтой юм. Энэ утгаараа залуу хүний ширээний ном болбол зүйтэй хэмээн санал болгож байгаа хэрэг юм.
Бид бүгдээрээ л өв уламжлал, ёс заншлаа хүндэлж, хадгалахыг хүсдэг. Гэхдээ хэрэгцээ шаардлагагүй болсноос л хөндийрөөд байх шиг санагддаг.
Тормон дээр тооно ачна гэсэн үг ч бий. Нэгэнт тээж чадахгүй өв соёлыг дааж чадахгүй хүмүүст ачих гээд яах юм?
Энэ бол тийм гутрангуй байдлаар, бас хөндий хандах асуудал биш. Монголчууд бидний цус маханд тэр бүү хэл ясанд шингэсэн зүйл. Ил гарч, илэрхий тодорхой харагдахгүй байгаа ч өв соёл, зан заншлаа даагаад тээгээд явах “тэнхээ” бидэнд хангалттай бий. Тормон дээр тооно ачиж яагаад болохгүй гэж. Тэр удахгүй тайлаг болно шүү дээ. Гэхдээ бас ярих юм бий. Цагаан сар, наадам болонгуут л дээлээ өмсөөд буцаагаад эвхээд далд хийчихээд байгаагаа соёлоо хадгалж байна аа гэвэл тун хэцүү л дээ.
Шүтэх хүндлэх хадгалах уламжлах гэдгийг манай залуус огт өөр утгаар хүлээж авч ойлгодог юм билээ. Уламжлал гэдэг ойлголт нь өөрөө юмыг хэрэглэхгүй л бол хав дарах, эсвэл хоймроо тавиад тахиж шүтэх, харанхуйгаар мөргөх, үл хөндөх мэт буруу хандлагыг тээгээд байх юм. Энэ чинь эсрэгээрээ огт өөр зүйл юм. Аливаа зүйлийг за тэр хэлээд байдаг ёс заншлаа, өв соёлоо цаг хугацаа хөгжлийн явцад амьдралдаа нийцүүлэн өөрчилж, тухайн үеийнхээ байдалд зохицуулан шинэчилж авч явах буюу хамгийн чухал нь хэрэглэх явдал юм шүү дээ. Өмсдөггүй дээлийн тухай ойлголт манайд ер нь байсангүй. Ямартаа л эд нь хэврэг эзэн нь мөнх гэж ерөөдөг ард түмэн билээ дээ.
Хэн ч мэддэг юм шиг боловч нарийн учрыг нь аль хэдүйн мартсан зүйлсийг тайлбар толь болгон хүүхэд залуучуудын танин мэдэхүй, мэдлэгт чиглүүлэн тусгаж өгсөн гэж ойлгож болох уу?
Тийм ээ. Хамгийн энгийн жишээн дээр гэхэд, буруу энгэртэй дээлийг айлын энхэр хүүхэд өмсдөг. Яагаад гэвэл хүүхэд нь тогтдоггүй, өвчин ороодог айл ихэвчлэн ийм дээл өмсгөж зүс буруулдаг. Манай үндэсний хувцас нь төрт ёсны бэлгэдэл болдог, үүнийг нь “Мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Тэгш төрийн дээл, Хан төрийн хантааз, Түших төрийн гутал” гэж оноон бэлгэддэг. Дээл хувцсыг мялаах нь урт нас, удаан жаргалын ерөөл хишгийн даллага болдог зэрэг эдгээр онцлогийг шингээн тайлбарласан байдаг. Үүний зэрэгцээ дээл нь уужуу өргөн байдлын хувьд малчны ахуй онцлогт тохирсон, халууцсан үедээ сугалдаргалах, энгэр нь морины давхиан дунд яарсан үед мултлах зэрэгт хялбар, малын төл өвөртлөх, аливаа зүйлийн багтаамжийн хувьд их, гутлын хоншоор өвөл цас тогтоохгүй, зун нь ногоо ургамал сэндийлэхгүй байх үүднээс ээтэн байдаг гээд тэр бүхнийг дурьдвал тоочоод барахгүй биз ээ.
Өв соёлын зүйлээсээ шинэ цагийн “дайралтанд” хариу өгч орлуулан хэрэглэж болохуйц юм бас байгаа даа?
Зөндөө бий. Жишээлбэл хүн бүхний мэдэх шагай. Шагайгаар анх тоглодог байсан улбаа нь дайн байлдааны бэлтгэл байсан байгаа юм. Хараа тогтоох бай чиглүүлэх гэх мэтийн чадварыг суулгахад чухал нөлөөтэй байсан энэ зүйл нь сүүлдээ тоглоом наадгай болж өөрчлөгдсөн. Шагай бол хүүхдийг саатуулах зүгээр нэг тоглоом төдий зүйл биш л дээ. Шагайгаар хүүхдийг багаас нь тоглуулснаар гар хурууны хөдөлгөөн, хараа нь сайжирна. Одоогийн хүүхдүүд шагай гэхээсээ илүү эвлүүлдэг, өрдөг lego тоглоомоор тоглох болж. Тэгвэл бид шагайгаа өнгө будганд оруулаад орчин үеийн хүүхдүүдийн сонирхлыг татахуйц тоглоом яагаад хийж болохгүй гэж. Шагайн наадгай бидний хувьд монгол lego юм биш үү. Бид юмыг ойлгоод, танин мэдээд орчин үетэйгээ сүлээд үзвэл гадны элдэв зүйлийг даган дуурайх бус өөрсдийнхөөрөө сэтгэж хийж чаддаг болно. Тэр цаг тун удахгүй ирнэ дээ.
Ярилцсан Бэгтэр
Subscribe to:
Posts (Atom)