УИХ ГИШҮҮН “ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН БҮЛГИЙН ДАРГА Н.БАТЦЭРЭГ БОДОХООСОО ӨМНӨ ЯРЬДАГ НЭГЭН БОЛОЛТОЙ.




Хууль боловсруулсан гэх УИХ-ын гишүүний  үг, өгүүлбэрийн найруулга энэ бүхэн дээр алдаа хайсангүй ээ. Харин хууль гаргахын учир шалтгаан, хамрах цар хүрээ, өнөөгийн монгол хэлний байр байдлыг мэддэг нэгэн байна уу гэдэгт төвлөрч ярилцлагыг нь уншлаа. Миний богинохоон дүгнэлт бол энэ хүн өөрөө монгол хэлээ мэддэггүй юм байна, ярихаасаа өмнө боддоггүй юм байна, бусдаас сонссон хэдэн үгэндээ л эргэлддэг, маргаашийн байтугай хэтийн төлөвлөгөө ч төсөөлөгдөхгүй тууж яваа юм байна даа гэсэн бодол орж ирснээ нуух юун.

Цөөн тоотой улс үндэстнүүдийн соёл үүн дотроос соёлын хамгийн том өв болох- 1. Цөөн тооны улс үндэстэн үү/цөөхөн хүн амтай улс үндэстэн үү 2.   Цөөхөн хүн амтай эсвэл цөөн тооны улс үндэстэнд л хэл нь соёлын өв болдог юм уу гэх эхний ойлгомжгүй өгүүлбэр толгой эргүүлэв.
Хэл эвдрэх үзэгдэл-Ямар хар шуурга, цунами бишдээ.
Манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс гудамж талбай, албан байгууллагын нэр, хаягт их шүүмжлэлтэй хандах болсон-Үүнээс дүгнэн үзэхэд олон нийт өөрсдөө гадаадаар нэр хаягаа биччихээд өөрсдөө шүүмжлэлтэй хандаж байна гэх утга харагдаж байна. Энэ нь сүүлийн хэдхэн жил ч биш 20-оод жил монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого зохицуулалт алдагдсаны улмаас үүссэн сөрөг асуудлыг өнгөц байдлаар бодож хэлжээ.
Дээр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч тэр “эх хэлээрээ зөв ярьж бичихгүй” байна гэж шүүмжилж байна энэ бүхнийг монгол хэлний хуулиар зохицуулах юм.Нэг л ерөнхий эзэн биегүй нуршуу яриа...олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ямар хүмүүсийг ямар хүн шүүмжилж байна гэж??? Хуулийн зохицуулалт үнэ цэнээ шаварт унагаад хаячхаж байна даа.
Монгол хэл бичиг заах ажлыг саармагжуулснаас болж уг хичээлийн чанар муудаж байгаа, багшлах боловсон хүчинд ч анхаарал бага хандуулж байна гээд олон шалтгаан бий гэх тухайд:
Заах ажлыг саармагжуулснаас гэж хэн саармагжуулсан гэдэг нь байхгүй
Хичээлийн чанар муудаж гэж- хүнсний бүтээгдэхүүн биш дээ
Багшлах боловсон хүчинд ч анхаарал багахандуулж байна- анхаарал хандуулах мэтийн өнгөцхөн хялбар зүйл биш дэг ээ.

Ер нь ч тэгээд хүмүүсийн сэтгэхүйд “гадаад хэл сурвал ажилд ороход амар, монгол хэл төдийлөн амь амьжиргаанд хэрэг болохгүй” гэж нэг тийшээ хэт хэлбийсэн байдлаар хандах болсон гэх тухайд:

Монгол хэлний мэргэжилтэн, албан хаагчийн ажлын байр хомс, үнэ цэнгүй тохиолдолд мэдээж амьжиргаагаа залгуулах нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлээр сурч гадаад хэлийг сурах нь ойлгомжтой. Энэ нь хандах гэх өнгөцөөр ч бус энэ байдалд автчихсан л байгаа шүү дээ. Мэдээж монгол хэлээ сур гэж тунхаглахаас наана ажлын байр, монгол хэлний хэрэглээний асуудлыг шийдэх хэрэгтэй.

Тиймээс үндэснийхээ хэл бичгийг хууль эрхзүйн хүрээнд нь хамгаалах, хадгалах, хөгжүүлэхэд анхаарахгүй бол болохоо байсан байна” гэж хэсэг гишүүд үзсэн учраас монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Энэ хуулийг боловсруулах болсон шалтгаан, хуулийн гол агуулга нь энэ юм гэсэн тухайд:
Болохоо байсан байна гэж хэсэг гишүүд үзээд хуулийн төслийг боловсруулсан биш шүү дээ. Сүүлийн жилүүдэд эх хэлний боловсролын асуудлаар олон ч удаа УИХ-д Төрийн хэлний зөвлөлд хэлний асуудлыг танилцуулж, бүр дүлий дүмбэ оргихоор нь шүүхэд хүртэл өгч өдий хэртэй бужигнуулсны үрээр, мөн олон нийтийн санал санаачилга, хөшүүргээр хууль боловсруулах алхам хийснээ хэдхэн гишүүний гавьяа мэтээр бичсэн тань өрөөсгөл л байна шүү.
Урьд нь баталсан төрийн албан ёсны тухай хууль гэж байдаг. Энэ хуульд монгол хэлийг зөвхөн төрийн албаны хүн л хэрэглэх юм шиг заасан байдаг. Өдөр тутмын харилцаа, иргэдийн хувьд огт хамаагүй юм шиг хандсан сул талтай гэсэн тухайд:
Өмнө нь энэхүү хуулиа баталж гаргаж байхдаа бас л сайхан хууль анхны хууль гэцгээж байсан нь тодорхой. Анхнаасаа сайн хууль гаргах нь яасан юм. Энэ тэгээд бас хэний буруу байх вэ??? Хэдхэн жилийн дараагаар дараагийн хэдэн гишүүд миний доор бичсэн алдаа сиймхийнүүдийг бичээд 2014 оны хууль ийм сул талтай. Одоо шинэ хууль маань бүгдийг зохицуулна гээд ярилцлага өгөх вий дээ.
Хэл зөвхөн ярианы, харилцааны хэрэглүүр биш, сэтгэлгээний илрэл юм. Монгол маягаар сэтгэж байгаа бидний түүх, өв соёл энэ бүхнийг илэрхийлж байгаа ганцхан зүйл бол хэл яриа гэх тухайд:
Монгол маягаар сэтгэх гэж өөрөө харин ямар сэтгэлгээгээр ийм өгүүлбэр хэлнэ вэ. Хэлний хэрэглээг хэт дөвийлгөж сэтгэлгээний илрэл гэх зэргээр тодорхойлох нь оновчгүй бөгөөд хэлний нэн тэргүүний үүрэг бол харилцааны чухал хүчин зүйл юм. Яриа болон бичгээр  харилцаж байж сэтгэлгээ нь илэрдэг, хөгждөг.
Тэгээд ч түүхийг сэтгэдэггүй.  Түүх, бичиг соёлын дурсгалыг монгол хэл, бичгээр үлдээж дамжуулдаг.

Энэ хуулиар эх хэлээ хадгалж, хамгаалан авч үлдэхэд үр дүн нь оршиж байгаа юм гэхийн тухайд:
Хэл гэдэг өөрөө хөдлөнги шинжтэй, юун хадгалах, хамгаалах ямар дархан цаазат амьтан биш, үгийн сан нь баяжигдаж, хэлний зүй нь хөгжиж байдаг болохоос хав дарахын нэр бишээ.  Сүүлд нь хэлэхэд хууль нь батлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй байхад үр дүн орших тухай юу л цухуйнам....

                                                                               Г.Сүлд-Эрдэнэ  /хэл бичгийн ухааны докторант/