Монголчууд бид өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирагдаж явсан 300 жилийн түүхийн хуудсыг нээн үзэх анхны боломжийг энэхүү бүтээл буй болгож байна.





“Монголчууд  XVII-XX зууны эхэнд зурагт түүх бүтээлийн хариуцлагатай редактор, Монгол Хэл Соёлын Хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын эрхлэгч  Г.Сүлд-Эрдэнэ
 
Монголчууд XVII-XX зууны эхэнд зурагт түүх хэмээх шинэ бүтээлийн тухай яриагаа эхлэх үү?
“Монсудар хэвлэлийн газар”-аас Монголчууд хэмээх зурагт түүхийн цувралыг эрхлэн гаргаад байна. Урьд бид “Монголчууд XX зууны эхэнд” хэмээх зурагт түүхийг уншигч олонд хүргэж байсан.  Одоо шинээр нээлт хийх гэж байгаа бүтээл бол  “Монголчууд XVII-XX зууны эхэнд” зурагт түүхийн ном юм. Нийтдээ 9 бүлэг, 1200 гаран гэрэл зураг, баримт хэрэглэгдэхүүн орсон нэлээд том хэмжээний бүтээл гэж үзэж байна. Дэлхийд манжийн үеийн Монголчуудын түүхээр гарч буй анхны зурагт түүхийн ном гэж ойлгож болно.
Уг толийг ямар хүмүүс оролцон бүтээсэн бэ?
Бүтээлийн ерөнхий редактораар болон зохиогчоор ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Сампилдондовын Чулуун гуай ажилласан. Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Н.Сүхбаатар, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Б.Нацагдорж, түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор  (Ph.D), дэд профессор, түүх судлаач Э.Жигмэддорж, МУБИС-ийн Монголын түүхийн тэнхмийн эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Ж.Гэрэлбадрах, Түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Н.Хатанбаатар, Богд хааны ордон музейн тайлбарлагч, шашин судлаач Г.Ням-Очир, Академич, уламжлалт анагаах ухаан судлаач Ш.Болд, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), түүх судлаач Д.Баярсайхан нар бүлэг тус бүрийн зохиогчоор ажиллалаа.
Энэ бүтээлийн ач холбогдол болоод агуулгын талаар товч дурдвал?
Монголчууд бид өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирагдаж явсан 300 жилийн түүхийн хуудсыг нээн үзэх анхны боломжийг энэхүү бүтээл буй болгож байна. Манжийн үед монголчуудын дотоод болон гадаад ертөнц юу болж хувирсан, хэрхэн бусдад эзлэгдсэн, монголчууд энэ хугацаанд яаж бодит байдал дээр оршин амьдарч байсныг номын хуудсууд харуулна.
XVII-XX зуны эхэн үе хүртэлх бүтэн гурван зууны түүхийг бүгдийг багтаах боломжгүй ч энэ үед хамаарах баримт, гэрэл зураг, өв соёлын дурсгалуудын зургийг ерөнхийд нь багтаасан. Энэ 300 жилийн бидний дээдсийн түүх зөвхөн өөрсдийн минь түүх бус, Оросын эзэнт улс, Манж Чин гүрний гэсэн гурвалсан харилцаанд оршиж байсныг мэдэх боломжтой
Манжийн үеийн монголчуудын түүх гэхээр их сонирхолтой санагдаж байна л даа. Бид энэ үеийн түүхийг манжийн дарлалын үе гэж ойлгодог...
Монголчууд бид өөрийн өнгөрсөн үеийн түүхээ танин мэдэх баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйлсийн учир зүйг ухаарч ойлгох, эх түүхийн мэдлэгээрээ бие биенээсээ дутахгүй байхыг хичээдэг. Түүний дотроос Монголчуудын харь эзэнт гүрний эрхшээлд хэдэн арван жилийг туулсан “Манжийн үеийн түүх”-ийг бүрэн гүйцэд танин мэдэх, нэгдсэн ойлголт авах боломж харьцангуй бага байдаг юм. Бид дэлхийн эзэнт гүрэн байгуулж явснаа сайн мэдэх ч өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирч явсны учир утгыг сайн мэддэггүй. Мэдсэн ч үндэсний үзлийн хандлага давамгайлж өширхөн хардаг. Тэгвэл түүхийг танин мэдэх гэдэг нь аливаа түүхэн үйл явдлын учир утгыг сайтар ойлгох, тухайн түүхэн нөхцөлийг зөв танин мэдэхэд орших юм. Тиймээс тэр үеийн монгол ноёд улс гэрээ хэрхэн  удирдаж, ард түмэн ямар нөхцөлд, хэрхэн аж төрж байсан хийгээд ямар учраас тив дамнасан их нүүдлүүд хийх болсон бэ? гэдгийг энэхүү түүхэн гэрэл зургийн ном өгүүлэх юм.
Уг ном хэдийгээр олон түмэнд түүхийн энгийн ойлголт өгөхийг хичээсэн ч сул дэмий уран сайхны, сэтгэл хөдлөлийн ямар ч үг өгүүлбэр үгүй цэвэр эрдэм судлалын үндсэн дээр нэр томьёог хэрэглэсэн болохыг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь манжийн дарангуйлал, дарлал, эрхшээл, ноёрхол гээд сурвалж баримтад байхгүй мөн ч олон янзаар нэрлэж байсныг зохиогчид өөрчилж зөвхөн Манжийн үеийн гэсэн нэрийтгэл ашигласан байх жишээтэй.
Бүтээлийг ямар эх сурвалж дээр тулгуурласан бэ? Мөн түүх бичлэгийн хувьд юугаараа шинэлэг вэ?
Монголчуудын энэ үеийн түүхийг хэсэгчлэн судлах, харах, хуваагдсан хэрчигдсэн байдлаар авч үзэх хандлага байсныг өөрчлөн тэр үеийн Дотоод Азийн ертөнц дэх монголчуудыг бүхэлд нь харж ойлгох хэрэгтэй юм. Бусдын эрхэнд оршиж, төр улсаа мэдэх эрхгүй энэ ард түмэн хэрхэн захирагдаж байсан, ард түмэн түүхээ яаж бүтээдэг, газар нутгаа хэрхэн уламжлан өвлүүлдэг, олон газарт тархан суусны учир, гарал угсаагаа хэрхэн холбож ойлгож ирсэн, шашин соёлын онцлог, дэлхийн анхааралд юуны учир өртөж эхэлсэн зэрэг олон асуудлыг авч үзсэн юм. Тэдгээр асуудлуудыг тухайн үеийнх нь түүхийн чухал баримтууд Манж, Оросын архив, музейн сан хөмрөг Монгол нутгаар хэрэн явсан гадаадын жуулчдын тэмдэглэл, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсээр баримттай харгуулан бичсэн. Энэхүү зурагт түүхийн бүтээлд орсон баримт бүр өөрийн үзүүлэх түүх, утга илэрхийлэх бодит зүйл гэдгийг санахын сацуу түүх бичлэгийн нэгэн хандлагыг мэдэрч чадах болов уу хэмээн бодож байна. 

Үнэхээр чухал бүтээл  болжээ. Зурагт түүхийн номын нээлт хэзээ болох вэ?
Бүтээлийн нээлт 2014 оны 6 дугаар сарын 30-ны 1400 цагт  “Интер” номын их дэлгүүрийн 2 давхарт болно.
                                                                                                             Ярилцсан Э.Мөнхзагар