Туулийг өнөө үед олон ангит кинотой зүйрлүүлж болох юм

Монгол утга соёл цувралын ерөнхий редактор, Монгол Хэл Соёлын Хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын эрхлэгч, Г.Сүлд-Эрдэнэтэй "Монгол утга соёл" цуврал бүтээлийн тухай ярилцлаа.



Монсудар хэвлэлийн газраас “Монгол утга соёл” цуврал бүтээлийг эрхлэн гаргажээ. Энэхүү цувралынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
Бид урьд монгол хэл бичгийн цуврал толь болох “Монгол хэл соёл” цуврал, үүний дараагаас монгол арга ухаан, монгол малчдын эрдмийг тусгасан “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цувралыг эрхлэн гаргаж байсан. Харин энэхүү шинэ цуврал маань монголчуудын ам дамжин уламжлагдан ирсэн аман зохиолын цуврал бүтээлийг эмхэтгэн “Монгол утга соёл” цуврал нэртэйгээр эрхлэн гаргаж байна даа. Үүнд 1. Тууль 2. Оньсого 3. Домог 4. Домог үлгэр 5. Үлгэр 6. Ертөнцийн гурав 7. Дайралцаа үг 8.Түргэн хэллэг 9. Бэлгэ дэмбэрлийн үг 10. Ерөөл магтаал 11. Дом шившлэг гэх мэтчилэн цувралууд багтах юм.
Эхний боть нь тууль гэсэн нэртэйгээр хэвлэгдсэн байна. Доторх агуулга бүтэц нь ямар вэ?
Энэхүү бүтээл нь монголын алдартай 17 туулийг бүрэн эхээр нь эмхэтгэсэн төдийгүй “Тууль” гэж юу болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий судалгааны удиртгал хэсэгтэй. Энэ нь дотроо маш нарийн задаргаатайгаар бичигдсэн шинэ судалгаа болж чадсан. Жишээ нь дэлхийн улс орнуудын туулийн тухай болоод, монголын алдартай туульчид, тууль хайлах хөгжмийн зэмсгийн тухай, мөн туулийн агуулга, бүтэц, дүр, туулийн ач холбогдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байгаа.
Тууль хайлах тухай, Тууль хайлах зан үйлийн тухай тодруулж ярихгүй юу?
Туулийг “аялах, дуулах”-аас хүчтэй, бүдүүн хоолойгоор дуулдаг. Монголчуудтуулийг намрын сүүл сараас өвлийн сүүл сар хүртэл өөрөөр хэлбэл өвлийн урт шөнө буюу цагаан сараас өмнө хайлдаг уламжлалтай байжээ. Энэ нь шинэ гарах жилдээ байгалийн гамшиг, дайн дажин, өвчин зовлон, элдэв гай зовлонгүй амар амгалан амьдарна хэмээн бэлгэшээн үздэгтэй холбоотой. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш тууль хайлдаггүй. Учир нь зуны шөнө богино байдаг тул том хэмжээний туулийг хайлахад тохиромжгүйгээс гадна дулааны улиралд урт хугацаагаар тууль хайлах юм бол туульчийн бие махбодод цус хөөрөх, алжаах зэрэг сөрөг нөлөөтэй гэж үздэг. Туулийг айл өрх, хот айлаараа цуглан урьдчилан бэлдэж өдөр сар тохирч хайлуулдаг заншилтай. Эхлээд туульч, тууль хоёроо сонгоно, дараа нь билигт сайн өдөр гэрийн эзэн эсвэл ахмад настай хүн туульчийнд зочилж тууль хайлах өдрөө хэлэлцэн тохиролцдог. Сонгож товлосон өдөр тухайн айлаас гэрийн эзэн ирж эхлээд хөгжмийг нь хүндэтгэлтэйгээргэртээ залан гэрийнхээ хоймор, бурхан шүтээнийхээ дэргэд эсвэл тусгай тавцан дээр байрлуулж арц сангаар ариутгадаг. Үүний дараа мөн билигт сайн өдөр гэрийн эзэн эсвэл хот айлын ахлагч туульчийг залж ирнэ. Тэр орой хот айлаараа малаа хотлуулж, хамаг ажлаа цэгцэлж дуусаад цуглацгаана. Туульч уригдсан айлын гэрийн баруун хойморт, сонсогчид нь баруун зүүн талаар насныхаа эрэмбээр суудаг дэгтэй. Урианхайд туульчийг ирэхэд толгой даалимба, бүтэн цай, тамхи зэргийг бэлддэг.
Тууль хайлахад эхлээд Алтайн магтаал гэж хэлдэг нь ямар учиртай юм бэ?
Тууль хайлахын өмнө ойрад туульчид “Алтайн магтаал”, халх туульчид “Хангайн магтаал”, “Хан Хөхийн магтаал”, буриад туульчид “Арын арван гурван ноёдын даатгал”- ыг хэлдэг. Энэ нь онгодоо сэргээн, бие сэтгэлээ бэлтгэж, уул усны эзэн лус савдгийг баясган хайр энэрэл, хишиг буян гуйж оршил болгож буй хэрэг юм. Алтайн магтаалыг хэлж байхад хүмүүс орж гарах, дуу чимээ гаргахыг цээрлэх ба сонсогчид хувцсаа зөв өмсөн, хормойгоо хумин суудаг нарийн журамтай. Харин туульч зогсолт хийх, биеийн байрлалаа өөрчлөх, малгайгаа авах зэргийг цээрлэдэг ба хувцасны товч бүрэн бүтэн, товчлогдсон байх ёстой. Алтай магтсан туульч, гэрийн эзэн аль аль нь цацал өргөх бөгөөд нар зөв эргүүлж өргөнө. Алтайн магтаалыг хайлж дууссаны дараа туульч дээл хувцсаа хөнгөлөөд бүлээн, давсгүй хар цайгаар хоолойгоо чийглэн туулиа хайлж эхэлнэ. Туульч тууль хайлахдаа дунджаар нэг цаг орчим тасралтгүй хайлж утга төгссөн хэсэг дээр түр зогсож завсарлана. Бүлээн давсгүй хар цайгаар хоолойгоо чийглээд цааш үргэлжлүүлэн хайлна. Ийм байдлаар шөнийн 02-03 цаг хүртэл тууль хайлаад амарч маргааш нь харуй бүрийгээр дахин туулиа үргэлжлүүлэх зэргээр нэг туулийг долоо хоног, зарим том туулиудыг нэг бүтэн сараар хайлж дуусгадаг байжээ. Туульчид туулийг хагас дутуу хайлах, товчлон хайлах, дүр дүрслэлийг гээж хаях, нэмэхийг хатуу цээрлэдэг. Тууль хайлж дууссаны дараа гэрийн эзэн туульчийн товшуур, экил, морин хуурын толгойноос хив хадаг уяж байранд нь залаад гурваас долоо хоног гар хүрдэггүй. Учир нь туульчийн хөгжим дээр энэ ертөнцийн гурван тивийн эзэд ирж байрласан байх бөгөөд өөрсдийнхөө тааллаар нутаг орон, тивдээ буцдаг хэмээн үздэг. Тэдгээр эзэн сахиусууд явсны дараа туульчийн хөгжмийг гэрт нь хүндэтгэлтэйгээр залж туульчид бэлэг сэлт өгдөг ёс байна.
Туулийг уншиж, тууль хайлахыг сонсох нь бидэнд болоод залуучууд хүүхдүүдэд ямар ач тустай вэ?, Туулийн ач холбогдол нь юу вэ?
Туулийг ямар зорилгоор хайлдаг, тууль хайлахын ач тус, учир холбогдлыг танин мэдэх нь бидэнд уламжлал соёл, зан заншлаа танин мэдэх мөн сэргээн уламжлах зэрэгт тустай, чухал асуудал юм л даа. Тухайлбал, Хүмүүжлийн ач холбогдлоос дурдвал: хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлсийг агуулж байдаг. Туулийг сонсож, утга агуулгыг ойлгосон хүүхэд багаасаа тэсвэр хатуужил, эр зоригтой болох ба нөгөө талаар хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлдэг. Туулийн баатар гол төлөв гурав, дөрвөн настай байдаг нь хүүхэд тэрхүү баатрыг үлгэр дуурайл болгон, тийм хүч чадалтай болохыг хүсэж багаасаа зоригтой, тэвчээртэй, ухаалаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болж төлөвших сургаалын шинжтэй. Мөн тууль нь найраглалын том хэлбэр болохынхоо хувьд үгийн баялагтай болгож, оюун ухааныг тэлнэ. Ингэснээр цэгцтэй зөв бодол, зөв яриа, өөрийн гэсэн бодолтой болж аливаа юмны сайн, муу талуудыг ялган бие даан шийдвэр гаргах, бүтээлч хандлагыг нэмэгдүүлж өгнө.Туулийг өнөө үед олон ангит кинотой зүйрлүүлж болох юм. Учир нь нэгэн хүний хуучилснаар: “Биднийг бага байхад манай хот айлынхан туульч хүн тусгайлан залж гэр бариад бүтэн сараар байлгадаг байсан. Тэгээд бид өдрийн ажлаа дууссаны дараа туулийнхаа нэг хэсгийг сонсоод маргааш орой нь хэрхэн яаж үргэлжлэхийг нь сонсох гэж тэсэн ядан хүлээдэг байсан” гэжээ. Тэгэхээр энэ бол одоо үеийн орой бүр дараагийн ангийг үзэхээр хүлээдэг олон ангит кино шиг хүүхэд багачуудын сонирхлыг татдаг тийм урлаг байжээ. Энэ нь хүүхэд багачуудын төсөөлөн бодох чадамжийг нэмэгдүүлж аливаа юманд хэд хэдэн таамаглал дэвшүүлэх, олон талаас нь харах ач холбогдолтой юм. Учир бэлгэдлийн ач холбогдлоос нь дурьдвал: Урианхайчууд туулийг зөвхөн уран сайхны хэрэгцээ хангах төдий биш зан үйлийн учир холбогдолтой холбон ойлгодог.Тууль хайлж байхад товшуурын хөг харих, чавхдасны хялгас тасарвал тэр айлд ямар нэгэн гай барцад байна гэж үздэг.
Тууль хайлахад гай барцад арилна гэж үздэг байсан байна. Тэгэхээр ер нь тууль бүрийн утга бэлгэдэл нь өөр өөр байна уу?
Бүгд өөрийн гэсэн утга бэлгэдлийг илэрхийлдэг. Тухайлбал,“Хаан цэцэн” туулийг хайлахад амар амгалан, эрүүл энх байх, “Талын хар бодон”, “Бужин даваа хаан” туулийг хайлахад гай барцад арилдаг гэж үздэг бөгөөд энэ хоёр туулийг нэг туульч гурваас дээш хайлж болдоггүй гэдэг. Сэтгэлээ сэргээхийн тулд “Уян хиа”, “Талын хар бодон”, “Жаргал ихтэй эзэн улаан бодон” туулийг хайлдаг. Үр хүүхэдгүй, өнөр өтгөн болохыг хүссэн айлд “Эрх хачин харцага”, “Наран хаан хөвүүн”, буян хишиг дуудах айлд “Аргын өнчин яргай”, “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн” гэх зөөлөн туулийг хайлдаг.Урианхайд хараал хүрсэн, үхэл зовлонтой айлд “Долоон догшид бүхүй туульс” буюу “Довон хар бөх”, “Талын хар бодон”, “Хүрэл арслан магнай”, “Хүч ихт хүрэл хаан”, “Баатар бор магнай” зэрэг хатуу тууль хайлдаг.
Сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Удахгүй дараа дараагийн цуврал худалдаанд гарч уншигчдад хүрэх болно.
Ярилцсан: Э.Мөнхзагар

Монголчууд XVII-XX зууны эхэн үед /хариуцлагатай редактор/

Монголчууд бид өөрийн өнгөрсөн түүхээ танин мэдэх, баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйлсийн учир зүйг ухаарч ойлгох, эх түүхийн мэдлэгээрээ бие биенээсээ дутахгүй байхыг хичээдэг билээ. Тэгвэл эрхэм уншигч та бүхэнд XVII-XX зууны эхэн үе хүртэлх бүтэн гурван зууны түүхийг тодорхой хэмжээнд багтаасан энэ үед хамаарах баримт, гэрэл зураг, өв соёлын дурсгалуудын зурагт бүтээл очиж байна. Энэ 300 жилийн түүх зөвхөн бидний Монголчуудын дээдсийн түүх бус Оросын эзэнт улс, Манж Чин гүрний гэсэн гурвалсан харилцаанд оршиж байсныг та эндээс мэдэх боломжтой юм. Мөн манжийн үед Монголчуудын дотоод болон гадаад ертөнц юу болж хувирсан, хэрхэн бусдад эзлэгдсэн, Монголчууд энэ хугацаанд бодит байдал дээр хэрхэн оршин амьдарч байсныг уг номын хуудсууд харуулах болно.

Монголчууд бид өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирагдаж явсан 300 жилийн түүхийн хуудсыг нээн үзэх анхны боломжийг энэхүү бүтээл буй болгож байна.





“Монголчууд  XVII-XX зууны эхэнд зурагт түүх бүтээлийн хариуцлагатай редактор, Монгол Хэл Соёлын Хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын эрхлэгч  Г.Сүлд-Эрдэнэ
 
Монголчууд XVII-XX зууны эхэнд зурагт түүх хэмээх шинэ бүтээлийн тухай яриагаа эхлэх үү?
“Монсудар хэвлэлийн газар”-аас Монголчууд хэмээх зурагт түүхийн цувралыг эрхлэн гаргаад байна. Урьд бид “Монголчууд XX зууны эхэнд” хэмээх зурагт түүхийг уншигч олонд хүргэж байсан.  Одоо шинээр нээлт хийх гэж байгаа бүтээл бол  “Монголчууд XVII-XX зууны эхэнд” зурагт түүхийн ном юм. Нийтдээ 9 бүлэг, 1200 гаран гэрэл зураг, баримт хэрэглэгдэхүүн орсон нэлээд том хэмжээний бүтээл гэж үзэж байна. Дэлхийд манжийн үеийн Монголчуудын түүхээр гарч буй анхны зурагт түүхийн ном гэж ойлгож болно.
Уг толийг ямар хүмүүс оролцон бүтээсэн бэ?
Бүтээлийн ерөнхий редактораар болон зохиогчоор ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Сампилдондовын Чулуун гуай ажилласан. Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Н.Сүхбаатар, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Б.Нацагдорж, түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор  (Ph.D), дэд профессор, түүх судлаач Э.Жигмэддорж, МУБИС-ийн Монголын түүхийн тэнхмийн эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Ж.Гэрэлбадрах, Түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Н.Хатанбаатар, Богд хааны ордон музейн тайлбарлагч, шашин судлаач Г.Ням-Очир, Академич, уламжлалт анагаах ухаан судлаач Ш.Болд, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), түүх судлаач Д.Баярсайхан нар бүлэг тус бүрийн зохиогчоор ажиллалаа.
Энэ бүтээлийн ач холбогдол болоод агуулгын талаар товч дурдвал?
Монголчууд бид өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирагдаж явсан 300 жилийн түүхийн хуудсыг нээн үзэх анхны боломжийг энэхүү бүтээл буй болгож байна. Манжийн үед монголчуудын дотоод болон гадаад ертөнц юу болж хувирсан, хэрхэн бусдад эзлэгдсэн, монголчууд энэ хугацаанд яаж бодит байдал дээр оршин амьдарч байсныг номын хуудсууд харуулна.
XVII-XX зуны эхэн үе хүртэлх бүтэн гурван зууны түүхийг бүгдийг багтаах боломжгүй ч энэ үед хамаарах баримт, гэрэл зураг, өв соёлын дурсгалуудын зургийг ерөнхийд нь багтаасан. Энэ 300 жилийн бидний дээдсийн түүх зөвхөн өөрсдийн минь түүх бус, Оросын эзэнт улс, Манж Чин гүрний гэсэн гурвалсан харилцаанд оршиж байсныг мэдэх боломжтой
Манжийн үеийн монголчуудын түүх гэхээр их сонирхолтой санагдаж байна л даа. Бид энэ үеийн түүхийг манжийн дарлалын үе гэж ойлгодог...
Монголчууд бид өөрийн өнгөрсөн үеийн түүхээ танин мэдэх баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйлсийн учир зүйг ухаарч ойлгох, эх түүхийн мэдлэгээрээ бие биенээсээ дутахгүй байхыг хичээдэг. Түүний дотроос Монголчуудын харь эзэнт гүрний эрхшээлд хэдэн арван жилийг туулсан “Манжийн үеийн түүх”-ийг бүрэн гүйцэд танин мэдэх, нэгдсэн ойлголт авах боломж харьцангуй бага байдаг юм. Бид дэлхийн эзэнт гүрэн байгуулж явснаа сайн мэдэх ч өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирч явсны учир утгыг сайн мэддэггүй. Мэдсэн ч үндэсний үзлийн хандлага давамгайлж өширхөн хардаг. Тэгвэл түүхийг танин мэдэх гэдэг нь аливаа түүхэн үйл явдлын учир утгыг сайтар ойлгох, тухайн түүхэн нөхцөлийг зөв танин мэдэхэд орших юм. Тиймээс тэр үеийн монгол ноёд улс гэрээ хэрхэн  удирдаж, ард түмэн ямар нөхцөлд, хэрхэн аж төрж байсан хийгээд ямар учраас тив дамнасан их нүүдлүүд хийх болсон бэ? гэдгийг энэхүү түүхэн гэрэл зургийн ном өгүүлэх юм.
Уг ном хэдийгээр олон түмэнд түүхийн энгийн ойлголт өгөхийг хичээсэн ч сул дэмий уран сайхны, сэтгэл хөдлөлийн ямар ч үг өгүүлбэр үгүй цэвэр эрдэм судлалын үндсэн дээр нэр томьёог хэрэглэсэн болохыг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь манжийн дарангуйлал, дарлал, эрхшээл, ноёрхол гээд сурвалж баримтад байхгүй мөн ч олон янзаар нэрлэж байсныг зохиогчид өөрчилж зөвхөн Манжийн үеийн гэсэн нэрийтгэл ашигласан байх жишээтэй.
Бүтээлийг ямар эх сурвалж дээр тулгуурласан бэ? Мөн түүх бичлэгийн хувьд юугаараа шинэлэг вэ?
Монголчуудын энэ үеийн түүхийг хэсэгчлэн судлах, харах, хуваагдсан хэрчигдсэн байдлаар авч үзэх хандлага байсныг өөрчлөн тэр үеийн Дотоод Азийн ертөнц дэх монголчуудыг бүхэлд нь харж ойлгох хэрэгтэй юм. Бусдын эрхэнд оршиж, төр улсаа мэдэх эрхгүй энэ ард түмэн хэрхэн захирагдаж байсан, ард түмэн түүхээ яаж бүтээдэг, газар нутгаа хэрхэн уламжлан өвлүүлдэг, олон газарт тархан суусны учир, гарал угсаагаа хэрхэн холбож ойлгож ирсэн, шашин соёлын онцлог, дэлхийн анхааралд юуны учир өртөж эхэлсэн зэрэг олон асуудлыг авч үзсэн юм. Тэдгээр асуудлуудыг тухайн үеийнх нь түүхийн чухал баримтууд Манж, Оросын архив, музейн сан хөмрөг Монгол нутгаар хэрэн явсан гадаадын жуулчдын тэмдэглэл, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсээр баримттай харгуулан бичсэн. Энэхүү зурагт түүхийн бүтээлд орсон баримт бүр өөрийн үзүүлэх түүх, утга илэрхийлэх бодит зүйл гэдгийг санахын сацуу түүх бичлэгийн нэгэн хандлагыг мэдэрч чадах болов уу хэмээн бодож байна. 

Үнэхээр чухал бүтээл  болжээ. Зурагт түүхийн номын нээлт хэзээ болох вэ?
Бүтээлийн нээлт 2014 оны 6 дугаар сарын 30-ны 1400 цагт  “Интер” номын их дэлгүүрийн 2 давхарт болно.
                                                                                                             Ярилцсан Э.Мөнхзагар

Монгол хэл нь асуудалтай байгаа юмуу? Монгол хэлний талаарх бодлого зохицуулалт асуудалтай байгаа юмуу гэдгээ ойлгоогүй яваа гишүүн Г.Батхүү




“Монгол хэлний тухай хууль” санаачлан боловсруулсан гэх УИХ-ын гишүүний үг, өгүүлбэрийн найруулга энэ бүхэн дээр алдаа хайсангүй ээ. Харин хууль гаргахын учир шалтгаан, хамрах цар хүрээ, өнөөгийн монгол хэлний байр байдлыг мэддэг нэгэн байна уу гэдэгт төвлөрч ярилцлагыг нь уншлаа. Энэ хүн өөрөө монгол хэлээ мэддэггүй юм байна, юун тухай асуудал гэдгээ ойлгоогүй яваа юм байна, бусдаас сонссон хэдэн үгэндээ л эргэлддэг, өмнөх болон боловсруулж байгаа хуулийнхаа ялгааг таниагүй, хэл соёл түүхийг дөвийлгөн яригч этгээд юм байна даа гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Монгол хэлийг хамгаалах зорилгоор нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төслий
г боловсрууллаа гэсэн тухайд нь:
Хамгаалах биш ээ гишүүн ээ.  Хамгаалах хайрлах хадгалах нэрийдэлд багтах зүйл чинь музейн үзмэрүүд, за тэгээд дархан цаазат амьтад юм шүү дээ. Хэл гэдэг хөдлөнги шинжтэй үгийн сан нь баяжигдаж, хэлний зүй нь хөгжиж байдаг болохоор хав дарахын нэр биш юм шүү.
Төрийн албан ёсны хэлний тухай хуульд бол төрийн албан ёсны байр сууринаас хандсан гэсэн тухайд нь: Төрийн албан ёсны байр суурь гэж ямар зүйлийг хэлдэг юм бол? Одоогийн хуульд төрийн албан ёсны бус байр сууринаас хандаж байгаа гэж хэлж байгаа хэрэг юм болов уу? Юуг нь ч би ойлгосонгүй. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн зорилт нь зөвхөн төрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна гэсэн хэрнээ “5.7.Хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээр нэрийг англи хэлээр давхар бичиж болно. 5.16.Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томъёог баримтална. 5.17.Төрийн албан хаагч, олон нийтийн хэвлэл, мэдээллийн ажилтан нь монгол хэлний хэм хэмжээ, нэр томъёог хэрэглэх зохих түвшний мэдлэг, чадвартай байна. 5.18.Төрийн албан ёсны хэлэнд дүйх үг, нэр томъёо байхад гадаад үг, нэр томъёо хэрэглэхийг хориглоно” гэх мэтчилэн монгол хэлний тухай хуулийн агуулгад багтах олон заалтыг оруулсан л байгаа юм даа.  Үүнээс харахад Эрхэм гишүүн энэ хоёр хуулийг гарчиглах төдийд өнгөц харж, төрийн албан ёсны гэснээр нь зөвхөн төртэй хамаатай зүйл мэт ухаарч ойлгосон төдийгүй агуулгыг нь холион бантагнуулан ярьсаар л  байна. Иймийн учир энэ хүнийг хууль санаачилсан гэдэгт эргэлзэж, төөрөлдөж байна.
Тэгвэл Монгол хэлний тухай хууль монгол хэлний асуудлыг олон талаас нь авч үзэх боломжийг нээж байгаа. Гэсэн тухайд нь: би бодохдоо хэл асуудалтай биш, хэлний бодлого зохицуулалт асуудалтай юм ш дээ.

Монгол үндэстэн үүсч бүрэлдсэн цагаасаа өөрийн хэлтэй байсан. Тэгэхээр Монгол Улсын түүх хэлтэй холбоотой. Тухайлбал, монголчууд түүхэндээ 10 гаруй төрлийн бичиг үсэг хэрэглэж ирсэн. Энд хадны сүг зургийн тухай онцлон хэлэхийг хүсч байна. Хадан дээр сүг зураг тэмдэглэдэг байсан үндэстэн дэлхийд цөөхөн. Хадны сүг зурагт тухайн үеийн монголчууд ахуй амьдрал, эдлэл хэрэглэл, шашин шүтлэг гээд бүх зүйлийг тэмдэглэсэн байдаг онцлогтой гэсэн тухайд нь:
Түүх соёл хэлээ дөвийлгөж цээжээ дэлдсэн яриа энэ дунд хэрэггүй шүү гишүүн ээ. Хүннү  бичигтэй байсан уу үгүй юу гэдэг бол тодорхойгүй хэвээрээ байгаа.  Учир нь яг бодит баримт ганц ч байхгүй. Сүг зураг гэдэггүй.  Хадны зураг хэмээдэг. За тэгээд хадны зурагтай үндэстэн дэлхийд цөөхөн гэж худлаа яриад яахав.  Дэлхийн бараг бүх улсад хадны зураг байгаа.
Ер нь монголчууд энэ олон бичиг үсгийг хэрэглэж ирэхдээ хүн төрөлхтний бичиг үсгийн түүхэн замналаас гажаагүй. Дүрс үсэгнээс эхлээд утгын үсэг хүртэл хөгжиж ирсэн. Тиймээс Монгол хэлний тухай хуулийн төсөлд монгол бичгийн талаар тодорхой тусгаж өгсөн байгаа. Хууль санаачлагчдын зүгээс уйгаржин, худан, хуучин монгол бичиг гэж нэрлэх санал гарч байсан. Гэхдээ хэл шинжлэлийн нэршиж тогтсон нэр томьёоны дагуу монгол бичиг гэж нэрлэх нь зүйтэй гэж миний бие үзэж байгаа. Монгол бичиг хэд хэдэн чухал онцлогтой. Нэгд, босоо бичиг. Дэлхийн таталцлын хуулийн бичиг үсэгтээ шингээж өгсөн цорын ганц ард түмэн бол монголчууд Хоёрт, монгол бичиг татлагын хэлбэртэй.
Албан хэрэг хөтлөлтийг шуурхай явуулахад зохимжтой гэсэн үг. Одоо монгол бичгийг уран
бичлэгтэй холбож хэрэглэх болж. Тэгвэл эвхмэл бичгийн төрлийг нь бас сонирхоод үзээрэй гэсэн санааг энд хэлмээр байна гэсэн тухайд нь:
Монгол бичгийн чухал онцлог гэж яг юун дээр үндэслэж гаргасан нь тодорхойгүй. Өнөөдөр хүртэл орхигдолгүй хэрэглэгдэж ирсэн чухал онцлогийн тухай ярьж байна уу, өнөөдөр хэрэглэх шаардлагатай чухал онцлогийн талаар  ярьж байна уу? аль нь ч байсан гол онцлогийг дурдсангүй. Монгол бичиг өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн чухал онцлог нь таталцлын хуулийг мэдэрч, хурдан бичдэгтэй байгаагүй болно. Монгол бичгийн өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн хамгийн гол онцлог нь монгол хэл, аялгуунд зохицсон байдагт оршино. Бүр тодруулбал, монгол бичиг нь залгамал хэлний онцлогт тохирсон, үг бичихэд үгийн язгуур, дагаврууд нь тогтвортой, нэг язгуураас үүдэлтэй үгс нь тодорхой харагддаг, цаашилбал энэ онцлог дээр тулгуурлаж монгол хэлний үгийн баялагаа нэмэгдүүлэх ч боломжтой байдаг билээ. Бичиг үсэг, үсэгзүйн шийдэл талаас авч үзвэл, ганц таталган бичгийг онцлог болгож ярих нь учир дутагдалтай. Хичээнгүй, таталган, гүйлгэн, төмөр, хулсан үзгийн, бийрийн гэх мэт олон төрөл зүйл байх бөгөөд тэдгээр нь ч өөр өөрийн онцлогтой үүрэгтэй. Монгол бичиг нь хөгжлийнхөө явцад олон зүйл тигтэй болсон нь тухайн цаг үеийн онцлог шаардлагаар бий болсныг харуулдаг. Бусад улс үндэстний бичиг үсэгт ч байдаг л зүйл. Үүн дээр нэмээд худан гэж хэлдэггүй худам л юмсан.

1993 онд батлагдсан Төрийн албан ёсны хэлний тухай хууль төрийн бодлогод нийцүүлэхийг эрмэлзсэн
гэсэн тухайд нь:- энэ хууль 2003 онд батлагдсан. 
Юуны түрүүнд монгол хэлний өв соёл, өв уламжлалын асуудлыг хуулийн үзэл баримтлалд суулгаж өгөх ёстой гэж хууль санаачлагчид үзсэн гэсэн тухайд:
Хэлний өв соёл, өв уламжлал гэсэн үг нь өргөн хүрээний ойлголт мэт харагдаж хэлж ярихад их сайхан сонсогдох боловч яг юуг хэлээд байна вэ? гэсэн тодорхойлолт байхгүй. Ер нь бид өнгөрсөн зүйлээ хөгжүүлэн шинэчлэх бус яг тэр хэвээр нь хав дарж хөдөлгөхгүй байхыг өв соёл, өв уламжлал гэж хамгаалдаг. Хэл бол хөдлөнги шинжтэй ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл бөгөөд тухайн үеийнхээ харилцааг зохицуулж, мэдлэг мэдээллийг зөв ухаарч ойлгоход хамгийн чухал хэрэглүүр болдог. Тиймээс хэлний өв соёл, уламжлалын асуудал гэх мэт сүржин үгээр ярихаас илүү хэлийг хөгжүүлэх талын асуудлыг үзэл баримтлалд суулгаж өгөх ёстой.
Шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ хөрвүүлэн ашиглах, боломжгүй тохиолдолд монгол хэлний үгсийн санд оновчтой хэлбэрээр хэвшүүлэн буулгана гэж зааж өгөх саналтай байгаа гэсэн тухайд:
Хөрвүүлэх, орчуулах гэх үгсийн ялгааг мэддэггүй бололтой. Хөрвүүлэх гэдэг нь нэг хэлний хоёр өөр бичгээс нөгөө рүү нь яг байгаагаар нь өөрчлөхийг хэлнэ. Кирилээс монгол бичиг рүү хөрвүүлэх, монгол бичгээс кирил рүү хөрвүүлэх гэх мэт. Орчуулна гэдэг нь гадны хэлийг өөрийн хэлний онцлогт тохируулж утгачилж бичихийг хэлнэ. Тэгэхээр нэр томьёоны тухайд хөрвүүлэх гэдэг үг хамаатах ч үгүй. Мөн түүнчлэн нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс ямар зарчим баримталж бичих асуудал нь энэ хуульд зохицуулагдаагүй байна. Жишээ нь, галиглах, орчуулах эсэх гэх мэт.

-Монгол хэл бол Алтай язгуурын хэл. Казах, Тува бол Түрэг язгуурынх. Казах иргэд Баян- Өлгий аймагт голлон, бусад аймаг, дүүрэгт тархан суурьшсан. Тувачуудын хувьд Хөвсгөл аймгийн Цагааннуур, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг. Ховд, Увс аймагт цөөн тооны Тувачууд бий. Энэ хүмүүсийн хэлний эрхийг хамгаалах талаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Өнөөдөр Баян- Өлгий аймагт ерөнхий боловсролын сургуульд казах хэлийг сургалтын хөтөлбөрийн дагуу заадаг. Гэхдээ ингэж дунд сургуульд хэлээ эзэмших боломж бүрдүүлсэн байж цаашаа нийгмийн харилцаанд яаж
орох талаар тусгаагүй, тодорхой бус байгаа. Хөвсгөл аймгийн Цагааннуурттува хэл заадаг нэг сургууль бий. Тэгэхээр казах, тува иргэдийн хэлийг хамгаалах талаар төрөөс тууштай дэмжих шаардлагатай. Тэдний уламжлалт өвөрмөц зан заншил, соёл түүх, өвийг хадгалж хамгаалах учиртай. Энэ талаар хуульд тодорхой зохицуулалт хийж өгч байгаа гэсэн тухайд нь:

Үндэсний цөөнхийн хэл соёлын талаар  “Монгол хэлний тухай хууль”-д бүртийх  ч заалт алга байна даа гишүүн ээ.
 Харин халаагаа өгч байгаа  2003 оны “Төрийн албан ёсны тухай хууль”-ийн 5.14.Суралцагчид /Монгол Улсын иргэн/-ын дийлэнх олонхи нь хүн амын өөр хэл бүхий үндэсний цөөнх байвал сургалтыг тухайн хэлээр явуулж болно. 5.15.Энэ хуулийн 5.14-т заасан суралцагчдад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан ёсны хэлний мэдлэгийг эзэмшүүлнэ. Казах иргэдэд үндэсний болон төрийн албан ёсны хэлийг зааж сургахад дэмжлэг үзүүлнэ./ заалтыг оруулж өгсөн байх юм.

Монгол хэлэнд найруулгын олон төрөл байдаг. Сонин сэтгүүлийн, албан бичгийн, ярианы, шинжлэх ухааны зэрэг гэсэн тухайд нь:
Буруу зөрүү сонссоноороо нэрлэсэн бололтой. Сонин нийтлэлийн, албан бичгийн, уран зохиолын, эрдэм шинжилгээний гэх олон биш тогтсон 4 найруулгын төрөл байдаг.

Төрийн албан хаагчдын тухайд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан агуулгын дагуу төрийн албанд элсэгчдээс монгол хэлний шалгалт авахаар хуулийн төсөлд тусгасан байгаа.
 Шалгалтыг тодорхой болгох хэрэгтэй. Хэдэн тест бөглүүлээд болоо. Тестээр хүний мэдлэг боловсрол шалгагдахгүй. Өмнө нь автоматаар цээжлээд, цаад учрыг нь мэдэхгүй ороод гялс дугуйлчихна эсвэл нөгөө буудах гээч нь болдог.  Гадаад орнуудад эссе бичээд бүр цаашлаад ярилцлаганд оруулдаг. Зөвтгөх тайлбар хийхдээ эссе, ярилцлага гэхээр зардал мөнгө их гардаг гэсэн хариулт л өгдөг дөө та нар.

Энэ хүрээлэн монгол хэл бичгийн нэгдмэл дүрэм боловсруулах, монгол хэлний шалгалтын агуулгыг гаргах, цахим орчинд монгол хэл бичгийн алдааг хянах программ боловсруулах гээд олон үүрэг хүлээнэ.
Холиод солиод л байна уу даа. Цахим орчинд монгол хэл бичгийн алдаа засах программ боловсруулах үүрэг нь 22.1 /хүрээлэн/ бус мэдээл харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хийх  ажил байлаа.  /Хуулийн 15.1.2-д зааснаараа/.

Энэ хууль иргэнд буюу надад хэрэг болох болов уу? монгол хэлний хөгжилд яахын аргагүй хэрэгтэй хууль мөн үү? Эсвэл зүгээр л тунхаг бичиг үү? Бүр хэсэг бүлэг хүмүүсийн хувааж идэх мөнгөний эх үүсвэр төрөх гээд байна уу? Эх хэлний боловсролын төлөөх хүсэл зорилгод минь юугаараа таарч нийцэж байгааг ухаж ойлгох гэж хичээлээ.
Хууль гарвал сайн сайхан биш харин хүртээмжтэй хууль байгаасай, тэр нь хэлний хэдэн эрдэмдтийн ажлыг өргөх биш, нийгэмд л тустай байвал болох нь тэр.

Г.Сүлд-Эрдэнэ /хэл бичгийн ухааны докторант/


"Монгол хэлний тухай хууль"-ийн алдаанууд


Уг хуулийг бүтнээр уншиж дуусаад эх хэлний боловсролын төлөө юу хийхээр төлөвлөсөн, ямар байгууллагууд хийх, хэн хариуцлага хүлээх, төрийн болон иргэний үүрэг гэх мэт зүйлсийг ухаж ойлгох гэж хичээлээ. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй, хууль гэдэг аливаа зүйлийг цэгцлэх,  дүрэм журамд оруулах тийм зорилготой байдаг болов уу гэж мөхөс би бодно. 

Асуудлууд:  

1.      Манай улс төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэд, түүний дотор төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын эх хэлний мэдлэг ихэд доройтсон. Уг хуульд зааснаар энэ бүгдийг цэгцлэх /5.2 монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн/         /5.5 Монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх нь иргэн бүрийн үүрэг мөн / гэж      заагласан нь дутагдалтай санагдаж байна. Иргэн бол дагаж мөрдөх л үүрэгтэй гэж заасан нь  хэл судлаач, шинжээч, орчуулагч, толь бичиг зохиогч иргэн миний хийх ажлыг шууд хорьж байгаатай агаар нэг байна. Залуу эрдэмтэн  судлаачидтайгаа хамтран төрийн бус байгууллага байгуулан “хэл шинжлэлийн цуврал толь бичиг” эрхлэн гаргаж, судалгаа хийж,  эх хэл сэтгүүл эрхлэн гаргаж эх хэлний боловсролын төлөөх ажлууд яах болж байна. Учир нь энэ хуульд мэргэжлийн байгууллага,  монгол хэлний мэргэжлийн хүмүүс судлаачдын үүрэг гэсэн заалт огтоос алга байна. /21.1 хэлний бодлогын үндэсний зөвлөл-нь хууль батлагдах нь тодорхой гэж үзээд аль хэдийн байгууллагдсан сурагтай. Нээлттэй сонгон шалгарлуулт, мэдлэг чадвараараа өрсөлдөх боломж ч өгөхгүй хойно доо...
2.      /4.1.1“Төрийн албан ёсны тухай хэл”- гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэлийг хэлнэ/Энэхүү заалт их ерөнхий, үг хэллэгийг оновчтой сонгоогүй, ойлголтыг хольж хутгасан байна. Тухайлбал:
-Төрийн албан ёсны хэл нь утга зохиолын хэл, аман ярианы монгол гэсэн хоёр хэлийг хэлж буй мэт. Мөн  яриа хэлбэрээр илэрч байгаа нь л монгол хэл гэж ойлгогдогдохоор заасан байна. Иймд монгол хэл гэж юу вэ? утга зохиолын хэл гэж юу вэ?, бичгийн хэл гэж юу болох? аман ярианы хэл гэж юу вэ? гэдгийг сайтар ялган ухаарах ёстой болов уу.
Үүний ялгааг цухас дурдахад: Учир нь орчин цагийн утга зохиолын хэл гэдэг нь халх аялгуун дээр суурилж нийт монгол аялгуутны хэлний зарчмыг журамлаж, хэлзүйн дүрмийг чанд баримталсан байдаг бөгөөд бичиг болон аман яриан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Харин монгол хэл гэдэг дэлхий дахинд тархан амьдарч байгаа болон монгол улсад аж төрөн суугаа нийт монгол аялгуутны хэл юм.
-Мөн албан хэрэг хөтлөхдөө аман ярианы монгол хэлээр бичиж найруулах юм шиг ойлгогдож байна. Гэтэл албан хэрэг хөтлөхдөө албан бичгийн найруулгаар бичнэ гэсэн журам байдаг. Үүнтэй зөрчилдөж байна. Ер нь төрийн байгууллага, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах нэг хэлбэр нь албан хэрэг бичиж хөтлөх бус уу.
3.      Удаах зүйл нь бичиг үсэг сонгон хэрэглэх тухай асуудал. Үүнд: кирил монгол бичиг, үндэсний монгол бичиг 2-ын алийг нь яг сонгох гээд байгаа нь учир дутагдалтай байна. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг монгол бичгээ хаяж гээж бас болохгүй гээд байдаг, шууд монгол бичгээ авч хэрэглэе гэхээр мэддэг хүн байхгүй байдалд орчихоод /11.1.2 Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний монгол бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр дүрэм журам үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх/гэж хамгийн сүүлд оруулсан нь явцуу зорилго мэт сэтгэгдэл төрүүлж байна.
4.      /6.5 Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ. /эрхэмлэнэ гэж оруулсан нь бас л 2 талтай.  Энэ заалтыг хасаад 22.1 эрх бүхий судалгааны байгууллагын үүрэгтээ тусгаж өгвөл зохилтой.  Үүн дээр нэмээд /22.2.3 холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах/гэсэн нь бас л худлаа заалт байна. Холбогдох ямар мэргэжлийн байгууллага гэж? Монголд хаана тийм байгууллага байсан юм. хөгжмийн нэр томьёог Н.Жанцанноров, хүнсний нэр томьёог Ч.Онгоодой, ургамлын нэр томьёог Ч.Санчир гуай гэх мэт эрдэмтэд өөрсдийн хийж байгаа ажилдаа хамааруулан мэргэжлийн нэр томьёогоо цэгцэлсээр өдийг хүрсэн. Энэ заалтыг 22.2.3эрх бүхий судалгааны байгууллагад нэр томьёоны тасаг ажиллуулан салбар шинжлэх ухаан бүрээс нэр томьёо судлаач орчуулагчдыг тогтмол оролцуулан нэр томьёог орчуулна гэж заавал сая харин тодорхой болж байна. 

5.      /9.1.5 монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилгагаргасан иргэн, хуулийн этгээдэд дөрвөн жил тутамд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох/энэ мэтийн худлаа заалтаар хуулиа гоёод дэмий биз ээ. Ерөнхийлөгчийн гаргасан монгол бичгийн үндэсний хөтөлбөр I,II-т санаачилга гаргаж ажлууд өрнүүлж, бүхэл бүтэн монгол бичгийн зөв бичихзүйн дүрмийг толийг хийгээд танилцуулж байхад Монгол бичгийн хөгжилд хувь нэмэр оруулсан хувь хүн байгууллага нэртэй шагналаар ханандаа монгол бичгийн бичвэрүүд хадсан зоогийн газрыг шалгаруулж байсныг тодхон санаж байна. 

6.      Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага /8дугаар бүлэг//23.1энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно/
/23.2 энэ хуулийн 6.1.7, 6.1.8, 6.3, 7.2, 16.1.1, 16.2 дахь заалтыг зөрчсөн хуулийн этгээд эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, зөрчлийг хоёроос дээш удаа давтан гаргасан бол тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцална./ гэж захиргааны шийтгэлүүд ноогдуулах нь хуулийн этгээдэд дан гагц хамааралтай байгаа нь шударга бус байна. /22.1 бүхий эрх бүхий судалгааны байгууллага,/ /21.1 хэлний бодлогын үндэсний зөвлөл/ ажлаа хийхгүй, өргөн барьсан 22.2.7-д зааснаараа нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгөхгүй, эсвэл удаашралтай, эсвэл бүр таг болчихвол тус эрх бүхий байгууллагуудад хариуцлага торгууль, захиргааны шийтгэл ноогдуулахгүй нь өрөөсгөл байна. /Урьд бид 100 нэр томьёог орчуулаад өгөөчээ хэмээн төрийн хэлний зөвлөлөөс авхуулаад ерөнхий сайдад хүртэл өргөн барьж байсан. Ямар ч хариу албан бичиг өгөөгүй таг болцгоодог/ 

7.      /6.4 Газар нутаг, гудамж, зам талбайн гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай /хэлний бодлогын зөвлөл/ зөвшилцөн шийдвэрлэнэ/энэ заалтын тухайд ямар ч харилцан уялдаа бий болохгүй нь тодорхой. Наанадаж нутгийн өөрөө удирдах зөвлөл гэдэг байгууллага нь: иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичиг, хүн амын тооноос хамаараад 15-40 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд /21.1 ерөнхийлөгчийн дэргэд ажиллах хэлний бодлогын үндэсний зөвлөл/-тэй хаанаа ямар бололцоо боломжоор нэр хаяг оноох асуудлаар зөвшилцөөд шийдвэрлээд явах уу? Удаах асуудал гэвэл: Гадаад нэр оноосон тохиолдолд давхар монгол хэлээр байх эсэх нь тодорхойгүй.Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага ямар үүрэг гүйцэтгэж энэ асуудалд оролцох нь тодорхойгүй байна. Хэлний хөгжилд саад болж байгаа зүйл гэхээр нь нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэтээр гудамж талбайн гадаад хаяг мэт дан ганц өрөөсгөлөөр сэтгээд, тэдгээр хаягуудыг л хуулаад авчихвал хэлний дархлаа тогтоно хэмээн сэтгэхээс наана хэл шинжлэлийн үүднээс ямар зарчим баримталж бичих асуудал нь зохицуулагдаагүй байна. Жишээ нь ямар хэлээр оноох, галиглах эсвэл тухайн хэлний үсгээр бичих эсэх гэх мэт. 

8.      /6.1.2 Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг монгол хэлээр хөтлөн явуулна/гэсэн заалтаас ямар шалгуураар зөвшөөрөл олгох нь тодорхойгүй. Дараагийн ойлголт нь зөвшөөрөл авсан энэ байгууллагаас бусад боловсролын байгууллагын сургалтыг монгол хэлээр хөтлөн явуулах юм байна гэтэл:  /16.2 энэ хуулийн 16.1.1 дэх заалт эрхий бүхий байгууллагын зөвшөөрлөөр гадаад хэлээр сургалт явуулдаг боловсролын байгууллагад монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу явуулна/ гэж заасан нь 6.1.2 заалттайгаа зөрж байна. Төрөөс олгох зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл гэх мэтийн холио солио байх мэт. 

9.      /21.7.1 монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх/- энэ нь 5.2-т заасан /монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн./ Логикийн хувьд зөрүүтэй байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь бодлого боловсруулах юм бол хуулийн урд хэсэгт 5.2-т төрийн үүрэг гэх мэт илүү зүйл нурших хэрэггүй биз ээ. 

10.  /22.2.6 монгол хэл бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг хянах, монгол хэлний батлагдсан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах/ хэрэглээтэй холбоотой стандарт гэж юу байдаг юм? Сургалтын стандарт гэхээс бус хэрэглээний стандарт гэж юм байдаггүй шүү дээ. Энэ заалтыг Монгол хэлний хэрэглээг зөв бичих дүрэм болон утга зохиолын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргахгэвэл ойлгомжтой болно.
11.  /22.2. 4 газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх олон улсын газарзүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий байгууллагад санал гаргах/- гэсэн нь 22.1-ын эрх бүхий байгууллагын үүрэгтээ өөрөө өөртөө санал гаргах гэсэн нь алдаатай байна.

Г.Сүлд-Эрдэнэ /хэл бичгийн ухааны докторант/