50 сая төгрөгийн үнэтэй ном номын сангийн буланд хураалттай байгаа нь дэндүү харамсалтай

“Монсудар” хэвлэлийн газраас уламжлал болгон зохион байгуулж байгаа “Соён гэгээрлийн өдрүүд” үргэлжилж байгаа билээ. Энэ жил “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн хүрээнд тодорхой сэдвүүдийн дор ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа. Тэгвэл энэхүү үйл ажиллагааны хүрээнд номын сантай холбоотой сэдвээр Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал, Монгол хэлний редакцын эрхлэгч  Г.Сүлд-Эрдэнэтэй ярилцлаа.


-Улаанбаатар хотын хүн ам жил ирэх тусам өссөөр байгаа. Тэр дундаа залуусын хот болсон. Гэтэл номын сангийн хүрэлцээ үнэхээр муу байна. Ер нь Монголд хэдэн номын сан байгаа юм бэ?

-Манайхан номын санг очиж ном уншаад, ухаарал, мэдлэг олж авдаг мэдлэгийн төв гэж огт боддоггүй. Үндсэндээ оюутнууд шалгалтдаа бэлтгэхийн тулд очдог. Яг оюутан, сурагчдын шалгалт дөхсөн үеэр номын сан дүүрдэг.

Түүнээс биш бусад хүмүүс номын санг шинжлэх ухаанч мэдлэг олгох гэж ойлгодоггүй учраас нэг их анхаарлаа хандуулдаггүй.

Социализмын үед буюу 1990 оноос өмнө Монгол Улсад 400 гаруй номын сан байсан юм билээ. Гэтэл сүүлд 165-ыг нь сургуулийн номын сантай нэгтгэх нэрээр татан буулгасан.

Татан буулгаад явж байтал Ц.Энхтөвшин сайдын үеэс буцаагаад сургуулийн номын сангаас салгаж, байр сав, сандал ширээ, шүүгээ бэлтгэж байсан.

Одоо бол Монгол Улсын хэмжээнд нийтдээ 400 гаруй номын сан үйл ажиллагаа явуулж байна. Номын сангийн баяжилтыг улсаас хариуцдаг. Сумдын номын санд жил бүр сая, аймгийн номын санд 5-7 сая, нийслэлийн бүх номын сангуудад 50-70 төгрөг өгдөг юм билээ.

Гэтэл сумдын номын санд өгч байгаа сая төгрөг нь хөшиг, сандал шүүгээ авах гээд урсгал зардалд зарцуулагдах ёстой юм билээ. Гэхдээ харамсалтай нь тэр мөнгө нь суманд очихоосоо очихгүй нь их байдаг. 

-Яах вэ, сургуулийн номын санд сурагчид нь суучихна. Гэтэл сургуулиа төгсчихсөн, гэхдээ номонд дуртай, уншиж мэдэх гэсэн залууст зориулсан номын сан байхгүй байна шүү дээ?

-Улаанбаатар хотод нэлээд олон хүүхдийн номын сан байсан. Гэтэл 1990 оноос хойш 19 номын сан хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон. Энэ хүүхдэд зориулсан номын сан байхгүй болсны нэг жишээ. Харин залуучуудад зориулсан номын сан үнэхээр байхгүй байгаа.

Ганц нэгхэн том номын санг эс тооцвол шүү дээ. Тиймээс номын санг хөгжүүлэх ажлыг төрөөс авч хэрэгжүүлмээр байна. Түүнээс гадна номын санч гэдэг мэргэжил өөрөө чухалд тооцогдох ёстой. Уг нь өнөөдөр СУИС-д Номын санч, ном зүйчийн анги байдаг, мэргэжилтэн бэлтгэдэг.

Гэтэл яг бодит байдал дээр тийм мэргэжилтэй хүмүүс номын санд очиж ажиллах нь нэн ховор. Судалгаа аваад, харьцуулаад үзэхээр сумдын номын сангийн номын санч нь ихэнхдээ Засаг даргын эхнэр, ээж байх жишээтэй. Аймгийнх нь арай дээр.

Тэтгэвэртээ гарсан бага ангийн багш нар байгаа юм. Уг нь номын санч гэдэг хүн  таван ижилхэн сэдэвтэй ном авлаа гэхэд аль нь арай илүү, агуулга сайтай вэ гэдгийг нь мэдэж, номын сандаа авч чадахаар  ерөнхий мэдлэгтэй байх ёстой. Тийм мэдлэггүй болохоор номын сангийн баяжилт хэтэрхий чамлалтай байгаа юм. Нөгөө талаар төрөөс төсөв өгсөн ч тэр нь дундаасаа алга болдог, “идэж уугаад” дуусдаг. Номын санчдаас асуугаад, судалгаа авахаар мөнгө төсөв ирээгүй л гэдэг.

-Та нар сумдын номын санчидтай уулзаад, асууж тодруулчихаад ярьж байгаа биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Олон сумдаар явж, номын санчтай нь уулзахаар төсөв огт ирээгүй гэж хэлдэг. Түүн дээрээс үндэслэж ярьж байгаа шүү. Түүнээс гадна дараагийн нэг асуудал бол Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн  долдугаар сард “Олуулаа уншия” нэртэй өдпөрлөг зохион байгуулсан.

Ерөнхийлөгч оюуны хөрөнгө оруулалт руу анхаарч эхэллээ гэж сурталчлаад. Хүүхдүүд тэнд очиж, тайзан дээр гарч, ном бол ертөнцийг харах цонх мөн гэж сөгдөж уншаад л. 21 цагаан фургон жагсаачихсан, явуулын номын сан гээд л их сүртэй үйл ажиллагаа зохион байгуулсан.

Аливаа үйл ажиллагаа цаанаа үр дүнтэй байх ёстой. Гэтэл үр дн байна уу гэвэл энэ жил юу ч харагдахгүй байна. Яагаад үр дүн гараагүй вэ гэхээр, тэр өдөрлөгийг үндэслэлтэйгээр зохион байгуулаагүй. Энэ үйл ажиллагаа цаашид юу болох  вэ, хэн хэн хариуцах уу гэдэг нь ч тодорхой биш.

Зүгээр л нэг жишээ татахад, 21 фургон зогссон хэрнээ шатахуунгүй. Улсаас машин гаргаж өгсөн нэр зүүсэн мөртлөө шатахнууныг нь өгөөгүй. Нөгөө аймгийн төлөөлөгчид нь шатахуун яах вэ гэхээр албаныхан хүмүүс “Ерөнхийлөгч машин гаргаж өг л гэж хэлсэн” гээд сууж байсан гэж байгаа.

Тэгээд л Архангай аймгийг хариуцаж байгаа Д.Нацагдоржийн номын сан  номын фонд баяжууулах мөнгөөрөө шатахуун хийж өг гэж байх жишээтэй. Ийм зүйл маш ихээр болдог. Дээрээс нь жил бүр шилдэг номын шалгаруулалт гэж болдог. Хэн нэгний номыг шилдгээр шалгаруулаад, 21 аймгийн номын сан руу маш олон ширхэгийг худалдаж авч явуулдаг.

-Шилдэг номын шалгаруулалтыг хаанаас, ямар байдлаар зохион байгуулдаг юм бэ?

-БШУЯ, Соёлын яам, Нийслэл Засаг даргын тамгийн газраас есөн хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулах баг сууж, шилдгээр нэрлэдэг юм. энэ шалгаруулалт цэвэр танил, найз нөхдийн хүрээнд болоод өнгөрдөг зүйл.

Яагаад гэвэл, шалгаруулалтын бүрэлдэхүүнд багтаж байгаа хүмүүс нь номын стандарт, агуулга гэж юу юм бэ гэдгийг мэддэггүй учраас бүх зүйл мөнгөөр л шийдэгддэг. Ийм зүйл бүх жил болгон болдог. Шилдэг номын шалгаруулалтын дараа үргэлж хэл ам гардаг.

Гэхдээ нэг хэсэгтээ шуугиад л өнгөрч байгаа юм. Мэдээж чанартай сургуулиудын чадвартай номын санчид энэ тухай мэдээд, хэл ам гаргах гэдэг ч дээрээс нь дарамтлаад, ажлас нь хална гээд л дарж байгаа. Иймэрхүү жишээ маш олныг дурьдаж болно.

-Миний ойлгосноор номын баяжилтыг улсаас зохион байгуулдаг юм байх гэж бодсон юм?

-Номын баяжилтыг хариуцдаг албаны хүнээс асуухаар аймаг, сумын номын санчид тийм төрлийн ном авмаар байна гэж хүсэлт ирүүлдэг. Тэр хүсэлтийнх нь дагуу ном аваад явуулдаг юм гэж байсан. Гэтэл номын санчид бол огт санал авдаггүй, шууд шахдаг гэж хэлдэг. Үнэндээ номын санчид ямар ч эрх мэдэлтэй.

Баахан шахааны ном очдог, нөгөөдөхийг нь хураах л үүрэгтэй. Тэр номууд нь номын сангийн буланд хайрцагтайгаа илжирдэг. Ямар ч хэрэггүй, хүн уншаад ойлгохооргүй учраас хэрэгцээ байхгүй. Тиймдээ ч илжирээд дуусч байгаа тохиолдол олон байна гэж ярих номын санчид маш их байна.

Дээрээс нь “Азийн хөгжлийн сан”-гийн шугамаар мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд олон гоё ном ирдэг. Гадаад, дотоодын янз бүрийн хэл дээр бичигдсэн ном.

Гэтэл номын санчид нь юу ч мэддэггүй учраас гадаад номыг ТМС-ийн хүүхдүүд уншина гэж юу байдаг юм гээд 50 гаруй сая төгрөгийн номыг  зүгээр л хураагаад орчихож байгаа юм. Тэр их мөнгө ямар ч хэрэгцээгүй номын сангийн буланд хураагдаад хаягдана гэхээр үнэхээр харамсалтай байгаа биз дээ.

Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn http://www.mminfo.mn/content/49107.shtml?alias=interview