Соён гэгээрлийн хамгийн том байгууламж бол номын сан юм


1990 оноос өмнө сумын 400 гаруй номын сан үйл ажиллагаагаа явуулж байсны 165-ыг нь сургуулиудад нэгтгэх нэрээр татан буулгасан. Энхтүвшин сайдын үеэс татан буугдсан номын сангуудыг буцаагаад соёлын төвдөө байгуулж эхэлсэн. Шкаб шүүгээ ширээ сандал гээд бүгдийг нөхөн олгох ажил өрнөсөн. Улаанбаатар хот дох хүүхдийн номын сангуудаас 1990 онд 19 номын сан нь алга болсон. Сумын номын санд судалгаанаас үзэхэд 10 жил тутамд 1-2 удаа номын сангийн бүрдүүлэлт явагддаг. Зарим жилүүдэд төслөөр ном нийлүүлэлт алдаг хоног явагддаг. Улсаас сумын номын санд жилд 1 сая төгрөг, аймагт 5-7 сая төгрөг, нийслэлийн номын санд 50-70 сая төгрөгийн улсаас төсөвлөдөг. Эдгээр төсөвлөгдсөн мөнгөнөөс тогтмол хэвлэл захиалахаас гадна ширээ сандал шүүгээ шкаб хөшиг солих гэх мэт урсгал зардлууд ч хэрэглэгддэг байна. Гэвч сумдын номын санч нараас судалгаа авахад ямар ч баяжуулалтын мөнгө төсөвлөгдөж ирж байгаагүй, тендерын ном нэртэйгээр хааяадаа хэдэн ном ирэхээр нь бүртгээд авдаг гэж сумдын номын санч нар хэлж байна.
Жил ирэх тусам цааны үнэ нэмэгдсэнээр номын хэвлэх үнэ, борлуулах үнэ ч нэмэгдэж байгаа учраас улсаас төлөвлөсөн төсвийн хүрэлцээ тааруухан байдаг гэж нийслэлийн номын сангийн номын санчид хэлж байна. Тэр ч байтугай шинэчлэлийн засгийн газар нь өнгөрсөн онд төсөв өгөх боломжгүй гэж номын баяжуулалтыг зогсоосон байснаа гэнэт 11дүгээр сард төсөв олгож номын сангийн ном бүрдүүлэгчид улирлын ажлаа биелүүлэхийн тулд номын агуулга чанар шалгаж шилж сонголгүйгээр шууд ном бүрдүүлэлт хийсэн тухайгаа хүртэл дурдсан юмаа.
Үндэсний төв номын сан нь хуваарилагдсан төсөвтөө тааруулж нэг ширхэг номноос 3-5 ширхэгийг худалдаж авдаг. Энэнээсээ архивт хадгалах, уншлагын танхимд оруулах гээд урагдаж элэгдсэн тохиолдолд шинээр сэлбэхэд бас л цөөн тоо гэж үздэг. Жилд нийтдээ 5000-6000 орчим номоор номын сангаа баяжуулдаг. Номын 50-70 хувь нь хандивын ном байдаг. Учир нь зохиолчид үндэсний төв ном санд номоо бүртгүүлэхийн тулд бүгд хандивлах нэрээр бэлэглэдэг.
Их дээд сургуулийн номын сангийн баяжилт нь багшийн хийсэн номоор баяжигддаг. Чанартай чанаргүй, ойлгомжтой ойлгомжгүй, орчуулгын янз бүрийн ном хийж оюутнуудад шахахаас гадна, номын сандаа ч бас шахдаг байна.
Судалгаанаас үзэхэд Соёл Урлагийн Их Сургуульд “Номын сан судлаач, номзүйч” хэмээх мэргэжилтэн бэлтгэдэг боловч номын сангуудад тусгайлсан номын санч хэмээх мэргэжилтэн ажилладаггүй. Аймгийн номын санчид нь ихэнхдээ тэтгэвэрт гарсан настай багш нар, сумдын номын санч нь сумын засаг даргын ээж юмуу эхнэр болох хүмүүс ажилладаг нэрийдэлтэй байх юм.