Нүүдэлчдийн ахуйгаа хөгжүүлэн,одоогийн ахуй амьдралдаа ашиглах дадалтай болмоор байна

“Монгол нүүдэлчдийн тайлбар толь” бүтээлийн ерөнхий редактор, Монгол Хэл Соёлын Хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК-ийн хэлний редакцын эрхлэгч, хэл бичгийн ухааны докторант Г.Сүлд-Эрдэнэ


“Монгол нүүдэлчдийн тайлбар толь” хэмээх шинэ толийн тухай яриагаа эхлэх үү?
“Монсудар хэвлэлийн газар”-аас монгол ахуй, гэр, хувцас, мал аж ахуй зэргийг багтаасан “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” эрхлэн гаргаад байна. Уг толь нь монгол хүн өөрийгөө таних түлхүүр болж байгаа танин мэдэхүйн ач холбогдолтой толь бичиг юм.
Уг толийг ямар хүмүүс оролцон бүтээсэн бэ?
Монгол өв соёлоо өөрсдийн ахуй амьдралд авч хэрэглэх, хөгжүүлэхийг хүссэн залуу үеийнхэнд зориулсан ботийн Мал ахуй хэсэгт МУ-ын гавьяат багш, Биологийн ШУ-ны доктор (Sc.D), профессор Н.Эрдэнэцогт, гэр хэсэгт Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор Г.Гантогтох, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор (Ph.D), профессор Д.Баттогтох, Угсаатны зүйн магистр, угсаатан зүйч С.Бямбадорж, хувцас хэсэгт Техникийн ухааны доктор (Ph.D) Б. Дунгаамаа, Техникийн ухааны магистр Л.Наранцэцэг, Д.Ариунхүү нар оролцон бүтээж толь бичгийн зургийг Ш.Галзагд, Б.Гэрэлмаа нар зурсан юм.
Өнөөдөр монголчуудын нэлээд хэсэг нь нүүдэлчин гэхээсээ илүү суурин амьдралаар амьдарч байна шүү дээ. Энэ толийн ач холбогдол болоод ямар хүмүүст зориулж хийсэн толь вэ?
Монгол хүн хэмээн худлаа цээжээ балбан хий хоосон омгорхох бус монгол хүн монголоороо үлдэх тэр зүйлийг гаргах гэж хичээсэн алхам юм л даа. Нүүдлийн амьдралаасаа хөндийрч суурьшмал амьдралтай болсон хэдий ч монгол ахуй соёлын зүйлээ мартаад эсвэл тэр чигээр нь хадгалах биш харин хөгжүүлэн одоогийн байгаа орчин амьдрал ахуйдаа ашиглах тийм дадлыг суулгах мэдүүлэх ач холбогдолтой юм.
Номыг онцлон нэрлэхдээ залуу хүний ширээний ном гэсэн байсан? Яагаад ийм тодотгол өгснөө тодруулбал?
Мал ахуй, нүүдэлчийн соёл нь зөвхөн малчин хүнд хамааралтай гэсэн төөрөгдмөл хандлагаас болж иддэг мах, уудаг сүүнийхээ талаар ч бүрэн ойлголтгүй хүүхэд, залуус өнөөдөр маш их байна. Монгол хүн бүр гол, булгийн усанд сүү цагаан идээ оруулдаггүй, уурган дээгүүр алхдаггүй гэх мэтийг мэдэх боловч үүнд яг ямар учир шалтгаан байдгийг тэр бүр мэддэгүй. Аливаа юмны ул үндэс, учир шалтгааныг мэдэхгүйгээр юм чинь бат оршиж чадахгүй, хурдан мартагддаг. Тиймээс тухайн зүйлийн тухай тал бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ойлгоно гэсэн үг л дээ. Маш олон яагаадыг мэдсэнээр тухайн зүйлийг яаж хөгжүүлэх эсвэл яаж хэрэглэхэд хялбар болох юм. Хамгийн энгийн жишээ мал ахуй хэсгийн махны тухай гэхэд л: Махыг яагаад улаан идээ гэж нэрлэдэг шалтгаан? Өдөр унасан мах авдаггүй гэсэн хэллэгийн утга? Мах сүү хоёрыг нэг дор хадгалж болдоггүй учир нь? Гэр мах, гадар мах, тураг мах, дотор мах гэж юуг нэрлэдэг тухай, махны аль хэсэг нь удаан болдог, ямар хэсэг нь биед тустай, аль хэсгийн махаар шарж хуурсан хоол хийж, ямар хэсгийг нь жигнэж идэх нь тустай байдаг, борцолсон мах, шуузалсан махны аминдэмийн агууламж, ямар төрлийн махыг удаан хадгалж хэрэглэвэл зохистой гэх мэтийн хэрэглээний болон танин мэдэхүйн зүйлүүд байгаа. ёслолын арга хэмжээнд ямааны махыг яагаад хэрэглэдэггүй талаар, түүнчлэн махтай холбогдолтой загсаах гэх мэтийн үг хэллэгүүдийн тайлбаруудыг тус бүрт нь оруулж өгсөн байгаа. Мөн түүнчлэн баяр наадмын үеэр, төгсөлтийн баяраараа л үндэсний дээл, хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг тусын талаар ч нарийн мэдэх залуус ховор болсон. Тиймээс л энэ мэтчилэн хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, мартагдах шахсан монгол арга ухаан, монгол малчдын эрдмийг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д тусгаж өглөө. Энэ бүхнийг уншиж судалснаар монголчуудын байгальтайгаа, мал хуйтайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг уламжлал мэтээр хав дарах биш, харин хөгжлийн эхлэл юмаа гэдгийг мэдэж авах чухал ач холбогдолтой юм. Иймээс л залуу хүний ширээний ном болбол зүйтэй хэмээн санал болгож байгаа хэрэг юм.
Бид бүгдээрээ л өв уламжлал, ёс заншлаа хүндэлж, хадгалахыг хүсдэг шүү дээ. Хэрэгцээ шаардлага ховор болсон болоод л ёс заншил нүүдэлчин амьдралаас хөндийрөөд байгаа хэрэг. Ёс заншил өв соёлыг тээж явах нь яг ямар хэрэгтэй юм бол.
Шүтэх хүндлэх хадгалах уламжлах гэдгийг манай залуус огт өөр утгаар хүлээж авч ойлгодог юм билээ. Уламжлал гэдэг ойлголт нь өөрөө юмыг хэрэглэхгүй л бол хав дарах, эсвэл хоймроо тавиад тахиж шүтэх, харанхуйгаар мөргөх, үл хөндөх мэт буруу хандлагыг тээгээд байх юм. Энэ чинь эсрэгээрээ огт өөр зүйл юм. Аливаа зүйлийг за тэр хэлээд байдаг ёс заншлаа, өв соёлоо цаг хугацаа хөгжлийн явцад амьдралдаа нийцүүлэн өөрчилж, тухайн үеийнхээ байдалд зохицуулан шинэчилж авч явах буюу хамгийн чухал нь хэрэглэх явдал юм шүү дээ.
Хүн сонсоход энгийн, хүн мэддэг юм шиг боловч түүхэн онцлог уламжлалыг нь аль хэдүйн мартсан зүйлсийг тайлбар толь болгон хүүхэд залуучуудын танин мэдэхүй, мэдлэгт чиглүүлэн тусгаж өгсөн гэж ойлгож болох уу?
Тиймээ, хамгийн энгийн жишээн дээр гэхэд, буруу энгэртэй дээлийг айлын энхэр хүүхэд өмсдөг яагаад гэвэл хүүхэд нь тогтдоггүй, өвчин ороодог айл ихэвчлэн ийм дээл өмсгөдөг эсвэл манай үндэсний хувцас нь төрт ёсны бэлгэдэл болдог, үүнийг нь “Мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Тэгш төрийн дээл, Хан төрийн хантааз, Түших төрийн гутал” гэж оноон бэлгэддэг. Дээл хувцсыг мялаах нь урт нас, удаан жаргалын ерөөл хишгийн даллага болдог зэрэг эдгээр онцлогийг шингээн тайлбарласан. Үүний зэрэгцээ дээл нь уужуу өргөн байдлын хувьд малчны ахуй онцлогт тохирсон, халууцсан үедээ сугалдаргалах, энгэр нь морины давхиан дунд яарсан үед мултлах зэрэгт хялбар, малын төл өвөртлөх, аливаа зүйлийн багтаамжийн хувьд их, гутлын хоншоор өвөл цас тогтоохгүй, зун нь ногоо ургамал сэндийлэхгүй байх үүднээс ээтэн байдаг гээд тэр бүхнийг дурьдвал тоочоод барахгүй биз ээ.
Ахуй соёл мал ахуйн зүйлээс хөгжүүлэн одоо байгаа зүйлд орлуулан хэрэглэж болохуйц тийм зүйл юу байж болох уу?
Жишээлбэл хүн бүхний мэдэх шагай. Шагайгаар анх тоглодог байсан улбаа нь дайн байлдааны бэлтгэл байсан байгаа юм. Хараа тогтоох бай чиглүүлэх гэх мэтийн чадварыг суулгахад чухал нөлөөтэй байсан энэ зүйл нь сүүлдээ тоглоом наадгай болж өөрчлөгдсөн. Шагай бол хүүхдийг саатуулах зүгээр нэг тоглоом төдий зүйл биш л дээ. Шагайгаар хүүхдийг багаас нь тоглуулснаар гар хурууны хөдөлгөөн, хараа нь сайжирна. Одоогийн хүүхдүүд шагай гэхээсээ илүү эвлүүлдэг, өрдөг lego тоглоомоор тоглох болж. Тэгвэл бид шагайгаа өнгө будганд оруулаад орчин үеийн хүүхдүүдийн сонирхлыг татахуйц тоглоом яагаад хийж болохгүй гэж. Шагайн наадгай бидний хувьд монгол lego юм биш үү. Бид юмыг ойлгоод, танин мэдээд орчин үетэйгээ сүлээд үзвэл гадны элдэв зүйлийг даган дуурайх бус өөрсдийнхөөрөө сэтгэж хийж чаддаг цаг тун удахгүй ирнэ байх аа.
Уг толь нь боть 1 гэсэн байна. Үргэлжлэл цувралын талаар сонирхуулбал?
Цаг агаарыг шинжих, монгол хэмжүүр, тоглоом наадгай, баяр наадам, монгол идээ ундааны толь гэх цувралууд үргэлжлэн гарах болно.
Ярилцсан Э.Мөнхзагар