Гадаад хэлээр гангарагсад эх хэлнийхээ үнэ цэнийг алдагдуулж байна


Г.Сүлд-Эрдэнэ: Гадаад хэлээр гангарагсад эх хэлнийхээ үнэ цэнийг алдагдуулж байна Соён гэгээрүүлэх арга хэмжээ хоёр дахь жилээ зохион байгуулагдаж байна.  Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын зургаанд анх удаа урлаг соёл, улс төрийн олон асуудлаар хэлэлцэж байсан бол энэ удаа эх хэлний өмнө тулгамдаад буй олон асуудлын талаар эрдэмтэн судлаачтай хамтарсан хэлэлцүүлэг болж байгаа юм. Эх хэлний үнэ цэнэ алдахад нөлөөлж буй хүчин зүйлс талаар нийгэмд гаргахын төлөө хэл шинжлэлийн ухааны докторууд, ХМБ-ын төлөөллүүд оролцсон уг арга хэмжээ гурав хоног үргэлжлэх юм. Соён гэгээрүүлэхэд эх хэлний үүрэг оролцооны талаар “Эх хэл” сэтгүүлийн захирал Г.Сүлд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Энэ өдөрлөгийг яагаад зохион байгуулахаар болов?
-Нийгэмд эх хэл тулгамдсан асуудал болоод байна. Гэвч хий хоосон үгээр эх хэлээ хайрлан хамгаалья гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Тиймээс бага гэлтгүй тодорхой хэмжээний ажлыг эхлүүлэхээр Монгол хэл соёлын хүрээлэнгээс эх хэлний маань үнэ цэнэ алдагдаад байгаа хүчин зүйлсэд судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж энэхүү хэлэлцүүлгээ өрнүүлж байна. Монголчууд бид буруу ярьж зөв ойлгодог гэж ярьдаг. Гэвч энэ нь буруу ойлголт бид зөв ярьж, бичиж байж зөв ойлгох ёстой. Тэгэхээр зөв ойлголт гэдэг цэгцтэй, үнэн бодит байх ёстой. Иймд мэргэжлийн болоод философи, эдийн засаг, улс төрийн холбогдолтой үг хэллэгүүдийг алдаатай хэрэглэж байгаагаас нийгэмд буруу хандлага өгч байна.Тиймээс энэхүү өдөрлөгийг эх хэлээр дагнан явуулж байна.
- Соён гэгээрүүлэх өдөрлөгийн ач холбогдлын талаар?
-Соён гэгээрүүлэх арга хэмжээний энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хэвлэн нийтлэхэд тулгарч буй хэл соёлын бэрхшээлээ эрдэмтэн судлаачдын мэргэжилтнүүдэд хэлж зөвлөгөө авах боломжтой. Эндээс  ямар нэгэн гарц болоод нэгдсэн нэг шийдэлд хүрнэ гэж найдаж байна.
-Монгол хэлний өнөөгийн түвшин ямар байна вэ. Эх хэлний үнэ цэнийг бууруулж байгаа     хүчин зүйлс юу байна?
-Өнөө цагт хөгжлийн гарцаа гадаад харилцаа холбоо болгон хардгаас гадаад хэлийг тахин шүтэж эх хэлнийхээ үнэ цэнийг төдийлөн ойшоохоо больсон. Тухайлбал гадаад хэл, математикийн багш нараас монгол хэлний багшийн цалин хангамж доогуур байх жишээтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ математик болон гадаад хэлний мэдлэгт илүүтэй анхаардаг нь монгол хэл төдийлөн чухал биш гэсэн ойлголт хүүхдийн оюунд суулгаж байна. Дээр нь гарч байгаа кино, дуу, орчин нөхцөл гээд олон зүйл гадны соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчилж байгаа нь эх хэлний үнэлэмжийг бууруулахад нөлөөлж байна. Мөн мэргэжлийн түвшинд тайлбар толь бичиг зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал анагаах, шашин, улс төр, философийн чиглэлийн тайлбар толь бичиг. Тиймээс бүх эрдэмтэн мэргэжилтнүүд цугларан тайлбар толь хийх нэгдсэн санааг гарган хэлэлцүүлэг өрнүүлээд байна.
-Ямар арга хэлбэрээр эх хэлнийхээ үнэ цэнийг дээшлүүлэх вэ?
-Монгол хэлний үнэмлэмжийг дээшлүүлэхэд хүүхдийг багаас нь монгол хэлний хичээлд нь дур сонирхолтой болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эх хэлээ хайрлан хамгаалах сэтгэлгээг багаас нь суулгаж төлөвшүүлэх хэрэгтэй юм. Мөн багш нар нь чанартай зөв стандартаар хичээлээ заадаг байх. Үүнийг төрөөс зөв зохицуулалт хийх зэрэг олон талын арга хэмжээ явуулбал эх хэлээ авран үлдэх боломжтой гэж харж байна. Мөн эцэг эхчүүд монгол хэлийг гадаад хэлнээс илүүтэйгээр чухалчлан сурахыг хүүхэддээ хэлдэг байх. Түүнчлэн Засгийн газраас төрийн хэлний хуулиа зөв бодлогоор хэрэгжүүлбэл эх хэлний асуудал ор тас гарцгүй болчихсон зүйл биш юм.
-Соён гэгээрүүлнэ гэдэг ойлголтын талаар тодорхой болговол?
-Соён гэгээрүүлнэ гэхээр хүмүүс шашинтай холбож үздэг. Гэвч тийм биш бөгөөд тодорхой хэмжээний мэдлэгийг зөв ойлгож аваад нийгэмд хүргэхийг хэлж байгаа юм. Энэхүү арга хэмжээнээс бүхий л салбарын мэргэжилтнүүд эх хэлний талаар зөв мэдлэгийг олж авахын зэрэгцээ эргэлзээгээ арилгана гэсэн үг юм.
-Эрдэмтэн судлаачдын гаргасан зарим толь бичигт үгнүүд өөр өөр бичигдсэн байдаг. Энэ нь үгийг элдэв янзаар бичихэд хүргэдэг байдлаас яаж гарах вэ?
-Судлаачдын төдийгүй сургуулиудын монгол хэлний багш нар үзэл бодлын зөрчил их байдаг. Үүнийг төрийн бодлогоор хуралдуулаад маргаантай байгаа үгсийг гарган эрдэмтэн судлаачдыг бөөнд нь цуглуулан хэлэлцүүлэх хэрэгтэй. Тэгвэл маргаан шийдэгдэнэ. Үгүй ядаж үгэн дээрх саналын зөрөөгөө олонхийг саналаар шийдэж, нийтэд дагаж мөрдүүлэх ажлыг явуулах хэрэгтэй байгаа юм. Одоогийн энэ байдлаасаа гарахгүй бол нэгдсэн нэг дүрэм журамд хэзээ ч орохгүй. Үүнийг хөдөлгөх гол зүйл бол төр юм.


Ч.ГАНАА
Эх сурвалж http://www.info.mn